
Өчигдөр шинэ хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн таван дүүрэгт шинээр барих дугуйн замын төслийг сүр дуулиантайнхан танилцууллаа. Энэ зундаа багтаан 73.2 км урт зам тавьж, цаашлаад 2026–2028 онд 427.5 км-т хүргэх том амлалтыг тэрбээр өгөв. Сонгинохайрхны 3.5 км-ээс эхлээд Баянзүрхийн 29.33 км хүртэлх нарийвчилсан маршрут, тоо баримтуудыг иргэдэд танилцуулжээ. Гэвч жил бүрийн хавар хотын үе үеийн дарга нар яг ийм гоё тоо барьж гарч ирдэг ч намар нь утаатай хамт замхардаг дүр зураг нийслэлчүүдэд ичнэ танил болоод удаж байна.
Улаанбаатар хотын удирдлагууд дугуйн замын тухай яриад багагүй хугацааг үджээ. Зөвхөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд л гэхэд олон арван километр зам барихаар төлөвлөж, жил бүр төсөв баталж байсан ч бодит байдал дээр замууд нь хоорондоо холбогддоггүй, гэнэт дуусдаг, явган хүний замтай давхацдаг, эсвэл автомашины зогсоол, хашаа хайсанд тулж төгсдөг зэрэг стандарт бус замаар дүүрэн. Тухайлбал, нийслэлийн дугуйн замын нийт урт өнөөдрийн байдлаар 101.7 км байгаа аж. Гэвч энэ нь сүүлийн хоёр жилд ердөө 29.4 км-ээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Уг нь хотын удирдлагууд жил бүр л тэрбум, тэрбумаар төсөв баталдаг ч бодит байдал дээр намар ажлаа дүгнэхэд бүтээн байгуулалт нь дандаа тал хувьдаа ч хүрэлгүй гацаж, дутуу хагас шороо манаруулаад зогсчихдог хуучин тогтолцоо манайд хэвээрээ байна.
Өнгөрсөн онд гэхэд явган хүний зам, талбайн тохижилтод 32 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн байдаг. Энэ хүрээнд дугуйн замын сүлжээг өргөтгөж, 15 байршлын 59.6 км замыг шинэчлэхээр болсон ч намар ажлаа дүгнэхэд нийт талбайныхаа дөнгөж тал хувийг нь л сольж амжсан юм.
Жил бүр том тоо зарлаж, намар нь тал хувьдаа ч хүрэлгүй гацдаг дугуйн замын бодит төсөв, төлөвлөгөөг жил жилээр нь сөхвөл дараах дүр зураг гарна.
Жил жилийн төсөв, төлөвлөгөө:
Улаанбаатар хотын захиргаанаас Налайх, Яармаг, Саппоро зэрэг найман байршилд 52.8 км дугуйн зам тавихаар ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс 100 хувь санхүүжүүлэхээр шийдвэрлэж байв. Ажил хэрэгжсэн ч замууд хоорондоо холбогддоггүй, гэнэт тасардаг өнөөх алдаанууд нь яг энэ үеэс шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Хотын дарга асан Д.Сумъяабазарын үед түгжрэлийг бууруулах, хотын гол болон туслах замуудыг бүрэн дугуйн замтай болгохоор 242.1 тэрбум төгрөг төсөвлөснийг Засгийн газрын хуралдааны дараа зарлаж байв. Түүнчлэн хотын төвд гүүрэн байгууламжтай 55 км тусгайлсан зам тавихад л гэхэд 79.7 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоог Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар танилцуулж байсан юм. Харамсалтай нь, энэхүү асар том амлалтаас бодит ажил болж үлдсэн нь тун бага бөгөөд намар нь ажил нь талдаа ч хүрэлгүй гацаж, зөвхөн хэсэгчилсэн байршлууд л замтай болсон байдаг.
Ийнхүү олон жилийн турш олон тэрбумын хөрөнгө оруулалт ярьж, зуу зуун км зам тавихаар амласан ч өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бодитоор ашиглагдаж байгаа дугуйн замын нийт урт ердөө 101.7 км байна. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл маш бага тоо. Маш дутуу гүйцэтгэл.
Тэгвэл энэ жил болон ирэх 2026-2028 онд нийт 427.5 км урт дугуйн зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүний 73.2 км замыг энэ зундаа багтааж барих талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлээд буй. Тодруулбал, 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.
Ингэхдээ СХД-т 3.5 км холбоос замуудыг хийнэ. Нэгдүгээр хорооллын арын зам-Саппоро-32 дугаар байр гэсэн холбоос замыг байгуулна.
БГД-т 20.11 км дугуйн зам барих бөгөөд Хорооллын эцэс-Гандан-Баруун 4 зам-Нарны хороолол-Алтай хотхон-Гурвалжингийн гүүр гэсэн маршруттай байна.
ЧД-т 4.35 км дугуйн замыг Баянбүрдийн тойрог-Дөлгөөн нуур-Чингисийн музей-Төв шуудан-Баруун 4 зам-Гэсэр сүм гэх маршрутаар байгуулна.
СБД-т 14.36 км дугуйн зам барих бөгөөд 100 айл- Арслантай гүүр-Натур-Парк-Энхтайваны гүүр-Нарны гүүр-Баруун 4 зам-Төв шуудан-Дөлгөөн нуур гэсэн тойрог замыг байгуулахаар төлөвлөжээ.
БЗД-т 29.33 км зам байгуулна. Үүнд Сансарын тойрог-Цайз 16-Улаанхуаран-Энхтайваны өргөн чөлөө-Нарантуул худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Home plaza-Натурын гүүр-Арслантай гүүр гэсэн чиглэлээр байгуулахаар болжээ.
Явган хүний гарцан дээр дугуй, мопед, скүүтертэй зорчигч автомашинд дайруулах осол ихээр гарч байгаа. Мөн явган зорчигчийг хоёр дугуйтай тээврийн хэрэгслээр зорчиж яваа иргэд ихээр дайрч гэмтээх осол гарч байгаа тул явган хүний гарцын хажуугаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл явах гарцыг тусад нь гаргана хэмээн мэдээлсэн юм. Гэвч хотын даргын энэхүү амлалт энэ удаа төлөвлөгөөний дагуу хэрэгжих үү гэдэгт иргэд эргэлзэж байна.
Эцэст нь хэлэхэд, Б.Пүрэвдагва дарга ажлаа дугуйн замаар эхлүүлж байна. Энэ нь буруу сонголт биш. Харин нийслэлчүүдийн хувьд шинэ маршрут, шинэ тоо сонсох нь аль хэдийн сонин байхаа больжээ. Учир нь тэд ийм амлалтыг өмнөх хотын дарга бүрийн амнаас сонсож ирсэн. Тиймээс энэ удаад иргэдэд хэрэгтэй зүйл нь 427.5 км гэсэн сүртэй тоо бус, харин өмнөх төслүүдийн адил хагас дутуу орхигдохгүй, хоорондоо холбогдсон, стандартын шаардлага хангасан зам бодитоор бий болохыг харах билээ.