
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар тогтлоо. Гэрч, хохирогч дээр сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, шинжээч, шүүгч, прокурор, мөрдөгч, шүгэл үлээсэн хувь хүн, хохирогчдын гэр бүлийнхнийг хамгаалахаар тусгасан.
Хүчирхийллийн гэмт хэргээс хүнээ хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлд төсвөө харамлах шаардлагагүй. Хүний эрх бол Үндсэн хуулиар баталгаажсан суурь эрхийн асуудал. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах Аюулгүй байдлын албыг байгуулна.
Мөн Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй, ялгаварлан гадуурхахгүй, дарамтлахгүй байх зохицуулалтыг тусгасан. Мөн шүгэл үлээж байгаа нэрээр хууль зөрчиж бусдыг гүтгэхийг хориглоно" гэв.