
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 689 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Сонгууль болохоор яагаад малчдыг хайрладаг вэ?
Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалтыг ажил мэргэжлээр нь ангилан тусад нь гаргадаггүй ч мал тооллогын албан ёсны статистик болон сонгогчдын бүртгэлийн мэдээллийг харьцуулан үзэхэд улсын хэмжээнд 305000-310000 орчим малчин сонгуульд санал өгөх эрхтэй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мэдээллээр Монгол Улсад нийт 2 224233 сонгогч бүртгэлтэй байсан бол Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 313 мянган малчин тоологджээ.
Нийт малчдын насны бүтцийг авч үзвэл,
• 24 хүртэлх насныхан: 4.7 хувь (14711)
• 25-34 насныхан-17.7 хувь (55401)
• 35-44 насныхан-26.6 хувь (83258)
• 45-54 насныхан-28.1 хувь (87953)
• 55-64 насныхан-15.6 хувь (48828)
• 65 ба түүнээс дээш насныхан-7.3 хувь (22849)
Эдгээрээс 25 ба түүнээс дээш насны 298289 малчин (нийт малчдын 95.3 хувь) нь бүгд сонгуулийн санал өгөх насанд хүрсэн буюу баталгаатай сонгогчид юм. Харин “24 хүртэлх насны” ангилалд багтсан 14711 малчны дотор хөдөлмөрийн насанд хүрсэн 16-17 настай өсвөр үеийнхэн багтсан байх магадлалтай ч дийлэнх нь 18-24 насны сонгогчид байдаг. 18 нас хүрсэн малчдын тоог 305-310 мянга орчим гэж үзвэл Монгол Улсын нийт сонгогчдын 13.7-14 орчим хувийг малчид бүрдүүлж байна. Санал өгөх эрхтэй долоон хүн тутмын нэг нь малчин (илүү нарийвчилбал 7.2–7.3 хүн тутмын нэг) байна. Ийм л учраас төр тэднийг сонгууль бүрийн өмнө өгөөш үмхүүлж “хайрлаж” иржээ.
О.Эрдэнэчимэгийн "Малчдаа бус саналыг нь хайрласан төр" нийтлэлээс
Хоёр. Ерөнхийлөгчийн эзгүйд юу хийж болох вэ?
Ерөнхийлөгчийн эзгүйд юу хийж болохгүй вэ гэдгийг хамгийн түрүүнд онцолж байна. “Төрийн тогтворгүй байдлыг далимдуулан буруу зүйл хийх вий, улс орны аюулгүй байдалд эрсдэл үүсэх вий” гэж болгоомжлох нь зүйн хэрэг. Гэхдээ энэ байдлыг бас боломж болгон эерэгээр ашиглах хэрэгтэй. Төрийн тогтолцоо, төрийн тэргүүний эрх мэдэлтэй холбоотой томоохон өөрчлөлт хийх гэхэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хувь хүнийхээ болон албан тушаалынхаа хувьд эсэргүүцэж ирсэн түүх, тохиолдол олон. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргахад Ерөнхийлөгч эсэргүүцдэг. Илт эсэргүүцээгүй ч УИХ, Засгийн газар нь томоохон өөрчлөлт хийх зориг гаргадаггүй. Тухайлбал, УИХ Ерөнхийлөгчийн тухай хуулийг одоо болтол 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж өөрчлөөгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан. Энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн тухай хуульд шингээж баталснаар Үндсэн хуулиа өөрчилсний хэрэг гарна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн аяыг харсаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсны хэргийг гаргасангүй.
Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээс гадна төрийн тэргүүн албан тушаалаасаа бууснаас хойш улс төрд эргэн ирж, эргэн ирэхийг оролдож улс төр хийх замаар нам, төрийг бужигнуулдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үздэг.
С.Шийлэгтөмөрийн "У.Хүрэлсүхийн олгосон боломж" нийтлэлээс
Гурав. 2340 онд дэлхийн хүн ам 1 тэрбумд хүрч буурна
2024 онд PLOS ONE сэтгүүлд нийтлэгдсэн Dean Spears тэргүүтэй судлаачдын судалгаанд нэг эмэгтэйд ногдох төрөлт 1.2 хүүхэд байвал 2340 онд дэлхийн хүн ам 1 тэрбумд хүрч буурна. Харин 1.4 бол 2370 онд 1 тэрбум, нэг эмэгтэйд ногдох төрөлт 1.5 болох юм бол 1 тэрбумд хүрэх хугацаа 2340 оноос даруй 25 жилээр хойшилно гэж тооцоолжээ. Нөгөө талаас нь харвал 2125 оноос төрөлт сэргэвэл хүн ам урт хугацаанд ойролцоогоор 8 тэрбумд тогтворжих боломжтой. Төрөлт сэргэх хугацаа 2175 он болж 50 жилээр хойшилбол хүн төрөлхтөн урт хугацаандаа 2-4 тэрбум орчим болж тогтворжих магадлалтай гэх математик тооцоолол хийгджээ.
Хүүхэдгүй байх нь хувь хүний сонголт хэдий ч нийгэмд төдийлөн эерэг үр дагавар авчирдаггүй. Хүүхдийг, ер нь хүнийг ажиллах хүч гэж харахгүй байсан ч сөрөг үр дагавар нь өөрчлөгдөхгүй. Орчин үеийн нийгэм эцэг эх болох эсэхийг хувь хүний сонголт болгосон атлаа хүүхэд өсгөхтэй холбоотой золиос, ачааллыг нь нийгмийн бус, хувь хүний асуудал болгож орхисон.
Нийгэмд хүүхэдтэй хүмүүс хэрэгтэй, гэхдээ тэдний үүрэх ачааг хуваалцахад нийгэм ч, эдийн засаг ч төдийлөн тусалдаггүй. Ажил олгогчдын хатуу шаардлага, огцом өссөн орон сууцны үнэ, хүүхэд өсгөх үүрэг хариуцлага, зардлыг бараг бүхэлд нь эхчүүд үүрдэг. Нэмээд эцэг, эхчүүдийг оролцуулаад хүн бүрт нөлөөлж буй амьжиргааны өртгийн өсөлт гэхчлэн дурдвал олон асуудал хүүхэдгүй байх сонголт хийхэд нөлөөлж буй.
Л.Эрдэнэжаргалын "Тахалгүй ч хүн төрөлхтөн цөөрнө" нийтлэлээс
Дөрөв. 100 сая тонн нүүрс экспортолсон Монгол Улсын дараагийн зорилго нь баяжуулсан нүүрс
2025 онд манай улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч уул уурхайн салбарын бүтцэд томоохон өөрчлөлт орсон. Өнгөрсөн жилүүдэд экспортын хэмжээгээрээ нүүрс зэсээс 2-3 дахин өндөр явж ирсэн бол 2025 онд зэсийн экспортын хэмжээ нүүрсийг давсан. Зэсийн экспорт нүүрсийг давсан бүтцийн энэ өөрчлөлт нь 2026 онд ч үргэлжилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын экспортын орлого 17.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспортын нийт орлогын 42.7 хувийг зэсийн баяжмал, 37.1 хувийг нүүрс бүрдүүлжээ. Хэдийгээр орлогын хэмжээгээрээ зэсийн ард орсон ч нүүрсний биет хэмжээ энэ оны эхний 10 сард 93.57 сая тоннд хүрсэн нь 90 сая тонн экспортлох зорилт тавьснаас 3.5 сая тонноор давуулсан үзүүлэлт болов. Ирэх онд 110 сая тонн, цаашид 125 сая тоннд нүүрс экспортолно гэж Засгийн газар зорьж байгаа. Гэхдээ нүүрсний салбарт олборлолт, экспортын тоо хэмжээг нэмэх бус нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, зах зээлийн зөв зохицуулалтад суурилсан төрийн бодлого үгүйлэгдсэн хэвээр байна. Хэдхэн жилийн өмнө жилд 100 сая нүүрс экспортлох нь манай улсын зорилго байсан бол одоо энэ босгоо давсан учир дараагийн зорилт нь нэмүү өртөг шингээсэн чанартай нүүрс экспортлох.
М.Мөнхжаргалын "Нүүрсний экспорт: Тооноос чанар руу" нийтлэлээс
Тав. Эрсдэл, туйлшрал
Данийн эмийн үйлдвэрлэгч “Novo Nordisk” компани хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй шинэ бэлдмэл бүтээсэн нь ozempic юм. Тус тарилга нь семаглутид (semaglutide) гэх идэвхт бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биед байгалиасаа ялгардаг GLP-1 хэмээх дааврын үйлдлийг дуурайх замаар цусны сахарыг автоматаар зохицуулах үүрэгтэй аж. Улмаар инсулин ялгарлыг дэмждэг байна. Уг бүтээгдэхүүнийг эрүүл буюу чихрийн шинжин гэх онош сонсоогүй иргэд элбэг хэрэглэх болсон нь богино хугацаанд их жин хаяхад нөлөөлдөгтэй нь холбоотой. Тэгэхээр илүүдэл өөхийг шатаадаг эсвэл илчлэгийн хэмжээг бууруулахад тусалдаг байж таарах нь. Уг асуултад хариулт эрье.
Гол найрлага болох семаглутид гэх идэвхт бодис нь турах процесст хамгийн чухал үүрэгтэй. Учир нь, хоолны дуршил, идэх зан үйлд нөлөөлдгөөс гадна хоол шингэх явцыг удаашруулдаг онцлогтой аж. Ингэснээр хоол идсэний дараа илүү удаан хугацаанд цадсан мэдрэмжтэй байх боломжтой. Тиймээс идэх хэмжээ багасдаг аж. Тэгэхээр тус тарилга нь өөх хайлуулдаг бус идэх дуршил, өлсөх мэдрэмжийг дарангуйлах замаар илчлэгийн хэмжээг бага түвшинд барьдаг байх нь. Энэ талаар Европын эмийн агентлагийн (EMA) тайлбарт ч тодорхой тусгажээ. Тиймээс богино хугацаанд турах гэсэн хүн төрөлхтний мөнхийн хүслийг биелүүлэгч “шидэт” бүтээгдэхүүнээр нэрлэгдээд буй. Гэхдээ мэдээж сүүдэртэй тал их бий.
О.Даваасүрэнгийн "Тураах тариа ба туршилтын туулай" нийтлэлээс
Зургаа. Хальсны дурсамж
Хальсны камерын гол онцлог нь хальсны төрөл, гэрэлтүүлэг, зураг авах орчин зэргээс шалтгаалан өнгөний ялгарал, гэрлийн тусгал, дүрсний тод байдал өөр өөрөөр кадрт буух аж. Мөн тухайн кадраа тэр дор нь шалгаж, алдаагаа засаж засварлах боломжгүй. Гэрэл зургаа хальсанд буулгаад түүнийгээ угаалгах гэж олон хоногоор хүлээх шаардлагатай тулгардаг. Гэвч чухам энэхүү хүлээлт л хальсны зургийн хамгийн үнэ цэнтэй хэсэг нь юм. Гар утасны камер шиг тэр даруйд нь үзээд мартах бус, ямар зураг буусан бол хэмээн догдлон хүлээх тэр хэдэн хоног кадр бүрийг илүү утга учиртай болгодог ажээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд яг энэ мэдрэмжийг эрэлхийлсэн залуусын хандлага гэрэл зургийн салбарт “Аналог сэргэлт” (The Analog Resurgence) хэмээх шинэ давлагааг эхлүүлээд байна. Олон улсын зах зээлийн судалгааны Business Research Insights байгууллагын тайланд дурдсанаар дэлхий даяар хальсны камер идэвхтэй ашиглагчдын тоо 42 саяыг давсан бөгөөд үүний 35 хувийг 18-30 насны Z үеийнхэн бүрдүүлэх болжээ. Мөн сүүлийн жилүүдэд хальсны эрэлт 127 хувиар өссөн нь гэрэл зургийн салбарын томоохон компаниудыг хуучин үйлдвэрлэлээ эргэн сэргээхэд хүргэсэн байна. Тухайлбал, зуун жилийн түүхтэй, дэлхийн анхны тольтой камер (SLR) бүтээгчдийн нэг Японы алдарт Pentax брэнд 2024 онд 21 жилийн завсарлагын дараа залууст зориулсан Pentax 17 хэмээх цоо шинэ хальсны камерыг танилцуулсан билээ. Нэг хальсанд хоёр дахин олон буюу 72 кадр буулгах боломжтой энэхүү камер худалдаанд гарсан даруйдаа захиалга нь үйлдвэрлэлийн хүчин чадлаас давж, борлуулалтаараа тэргүүлсэн юм. Үүнээс гадна дэлхийн гэрэл зургийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Fujifilm компани дарсан даруйдаа зургаа хэвлэдэг алдарт Instax камерынхаа өндөр эрэлтийг хангахын тулд хальсны үйлдвэрлэлийн шугамаа гурван ч удаа өргөтгөж, албан ёсны тайлангаар энэ төрлийн орлого нь 22.5 хувиар өсөн түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Мөн гэрэл зургийн хальсны эцэг гэгддэг 130 гаруй жилийн түүхтэй Kodak болон шууд зураг хэвлэх технологийг үндэслэгч Polaroid брэндүүд ч эрэлтээ гүйцэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, авсаархан шинэ загваруудыг ар араас нь зах зээлд нийлүүлсээр байгаа юм.
И.Сарангоогийн "Төгс бус дүрслэл" нийтлэлээс
Долоо. Хэт хялбарчлах дон
Өнөөдөр хиймэл оюун ухаан кино, хөгжим, ном зохиолоос эхлээд зураг, сурталчилгаа, хүүхэлдэйн кино гээд бараг бүх салбарт нэвтэрчээ. Хэн ч хэдхэн өгүүлбэрээр хүссэн киногоо бүтээж, дуу зохиолгож, ном бичүүлж, бодит мэт харагдах хуурамч дүрслэл бий болгох боломжтой болсон. YouTube-д хүүхдэд зориулсан анимейшн хүртэл хиймэл оюун ухаанаар олноор үйлдвэрлэгдэж байна. Үүнийг дагаад хэрэглэгчдийн тоо, зах зээлийн хэмжээ өсөж, хиймэл оюун ухаанд суурилсан контент үйлдвэрлэл томоохон эдийн засгийн урсгал болон тэлж буй.
Гэвч энэ бүхний цаагуур хүмүүс аливаа зүйлийг өөрөө хийхээс татгалзаж, бодох, бичих, бүтээх, шийдвэр гаргах зэрэг оюуны ажлаа хиймэл оюун ухаанд даатгах шинэ үзэгдэл бий болоод байна. Энэхүү хэт хялбарчлалаас үүдэж бидний өдөр тутмын амьдралд дараах нийтлэг сөрөг нөлөө ажиглагдах болжээ.
И.Сарангоогийн "Сэтгэхүйн түрээс" нийтлэлээс
Найм. Хамгийн ирээдүйтэй, ашигтай байх магадлалтай салбарт ч хөөс үүсдэг
Хиймэл оюун болон хагас дамжуулагчийн салбарын тэргүүлэгч компаниудыг багтаадаг эх газрын Хятадын STAR50 индекс өнгөрсөн сарын сүүлээр дөрөв хүрэхгүй сарын хугацаанд 40 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс ойролцоогоор 480 тэрбум ам.доллар арчигдав. Энэ уналт хиймэл оюуны салбарын өсөлтийг санхүүжүүлэхээр иргэдийн хуримтлалыг хувьцааны зах зээлд татан оруулах хүчин чармайлтад ч сөргөөр нөлөөлжээ. Эдийг засгийг дэмжих амлалтын улмаас сүүлийн хоёр жилд огцом өссөн хувьцааны өсөлтийг зогсоосон байна. Таамаглалд тулгуурласан галзуу өсөлт болж хувирсан хөрөнгийн зах зээлийн хөөс ийнхүү эхнээсээ хагарч эхлэв. “Голдман Сакс” банкны тооцоолсноор хиймэл оюуны салбарын хувьцаанууд Хятадын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 42 хувийг, эх газрын Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй А ангиллын болон Хонгконгийн биржид бүртгэлтэй H ангиллын хувьцааны арилжааны нийт эргэлтийн 57 хувийг эзэлж байна. Жижиг хөрөнгө оруулагчид давамгайлдаг зах зээлд энэ нь цөөн хүн л алдагдал хүлээлгүй үлдсэн гэсэн үг юм.
Робот үйлдвэрлэгч “Unitree” компанийн хувьцаа биржид бүртгүүлэх үеэрээ жижиг хөрөнгө оруулагчдын захиалгаар нийлүүлэлтээсээ 8000 дахин их эрэлт татаж байсан ч өнгөрсөн наймдугаар сард арилжаалагдаж эхэлснээс хойш ханш нь хоёр дахин буурчээ. Мөн “CXMT” хагас дамжуулагчийн компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 25 гаруй хувиар унасан байна. Мөн өнгөрсөн онд хөрөнгийн биржид анх бүртгүүлэхдээ хувьцааны ханш нь 400-700 хувиар өсөж байсан “MetaX Integrated Circuits” болон “Moore Threads Technology” компаниудын хувьцаа ч өнгөрсөн долоодугаар сараас хойш үнэ цэнээ хоёр дахин алджээ.
Л.Эрдэнэжаргалын "Хөөс бүхэн хагардаг" нийтлэлээс
Ес. Дэлхийн амжилт, дотоодын уналт
К-драма олон улсын амжилт олоход нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь стриминг платформууд. Netflix, Disney+ зэрэг компаниуд Солонгосын контентод үлэмж хөрөнгө оруулж, өмнө нь зөвхөн дотоодын телевизийн үзэгчдэд хүрдэг байсан бүтээлүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж нээсэн нь маргашгүй үнэн. Үр дүнд Солонгосын продакшнуудын үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж, зураг авалт, тайз засал, дүрслэлийн технологи, жүжигчдийн ур чадварын түвшин эрс ахисан ололт бий. Гэвч өсөлтийн цаана кино үйлдвэрлэлийн тогтвортой байдал хадгалагдаж чадсангүй. Харин ч дэлхийн зах зээлд өрсөлдөх шаардлага үйлдвэрлэлийн зардлыг огцом нэмэгдүүлжээ.
Солонгосын цуврал кино үйлдвэрлэлийн тоо 2022 онд 141 байсан бол 2025 онд ойролцоогоор 115 болж бууран хоёрхон жилийн дотор бүтээлийн хэмжээ 30 орчим хувиар хумигдсан байна. Цуврал киногоор үзэгчээ татдаг уламжлалтай телевизүүдийн хувьд нөхцөл байдал бүр ч дордов. KBS, MBC, SBS гэсэн гурван том телевизийн бүтээсэн цувралын тоо 2012 онд 91 байсан бол 2023 онд ердөө 32 болтлоо буурчээ. Шинэ бүтээлийн хомсдолд орсон зарим телевиз зөвхөн амралтын өдрөөр л цуврал кино гаргахаар хөтөлбөрөө өөрчлөв.
С.Лхагвасүрэнгийн "К ДРАМА: Амжилтын сүүдэр" нийтлэлээс