
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн ирэх долоо хоногт эхэлнэ. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээнд 60 гаруй орны жүдочид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Улаанбаатарын тэмцээнд жүдочдоос хамгийн түрүүн ОХУ-ын баг ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Токиогийн олимпын хүрэл, дэлхийн аварга жүдочид багтсан. Тодруулбал, 2023, 2025 оны дэлхийн аварга Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава нар багтсан байна. Түүнчлэн Чиндаогийн гранприд барилдах Токиогийн олимпын хүрэл, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев нар Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.
Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд AIC Steppe Arena-д болно.
