
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.
Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачлага”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур урлал адуун соёлтой холбогдох нь”, “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглэл үйлдвэрлэх зэрэг адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид бол монгол адуучид гэдгийг онцоллоо.
Адууны өв соёл, уламжлалаа улам төгөлдөржүүлэн өвлүүлэн үлдээх өндөр үүрэг, хариуцлага үүрч яваагаа гүнээ ухамсарлах учиртайг хэлж, монгол наадмаа шударга, ёс дэгээр нь зохион байгуулах, өвлүүлэн уламжлуулахад уяачдын ёс жудаг, чин сэтгэл нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.
УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан.
Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.
Дэлхийн 60 шахам сая адууны 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж болно.
Энэ дагуу улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх юм.
Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн.
Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байна.
