
Онц хэрцгий гэмт хэрэг гарч, олон нийтийн анхаарлын төвд ормогц иргэдийн дунд “ал”, “цаазал”, “дүүжил” гэх давлагаа бий болж, нийгмийн сүлжээ бүхэлдээ үзэн ядалт, өш хорслоор “буцалдаг”. Улмаар иргэд цаазын ялыг сэргээхийг шаардаж, гэмт хэрэгтнүүдийг устгаж, үгүй хийхийг шавдуулдаг. Энэ үзэгдэл сүүлийн өдрүүдэд ч үргэлжилж байна. Бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял оноохыг шаардаж, цаазын ял байхгүйн улмаас энэ төрлийн гэмт хэрэг гарч, гаарч байна гэж үзэх хүн олон байна. Сүүлдээ уг асуудал төрийн түвшинд ч яригдаж, УИХ-ын нэр бүхий гишүүд цаазын ял сэргээх асуудлыг хөндөх болов. Тиймээс Монгол Улс ямар шалтгааны улмаас цаазын ялгүй орон болсныг хийгээд энэ ялыг сэргээснээр гэмт хэрэг буурах үндэслэл байгаа эсэхийг хөндье.
НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталсан. Ийнхүү Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсноо дэлхий нийтэд зарласан юм. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилд цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халсан 30 орны тоонд багтсан байна. Монгол Улсын уг шийдвэрийг дэлхийн олон орон найрсгаар хүлээн авчээ.
Харин одоо цаазын ялыг сэргээх асуудал яригдаж байна. Энэ эрх зүй хийгээд олон улстай хийсэн гэрээний хүрээнд боломж багатай асуудал аж. Тодруулбал, 1966 оны цаазын ялыг халах Иргэний ба улстөрийн эрхийн фактын II протоколд манай улс нэгдэж орсон. Ийнхүү Олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон хэрэг. Энэхүү гэрээгээр зохицуулагддаг Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийг 1969 онд байгуулсан байдаг бөгөөд гэрээний 26 дугаар зүйлд “Pacta sund servan¬da” гэсэн зарчим бий. Энэ зарчимд “Хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой” гэж тусгажээ. Мөн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” гэсэн байдаг аж. Тиймээс одоо цаазын ялыг сэргээх нь олон улсын харилцаанд сөрөг үр дагавартай. Үүнийг мэргэжилтнүүд ч анхааруулдаг.
Иргэдийн цаазын ялыг сэргээ гэх давлагаа онц ноцтой гэмт хэргийг бууруулах зорилготой. Гэвч ялын бодлого чанга эсвэл сул байхаар гэмт хэргийн тоо, тохиолдол хамаардаггүй аж. Өөрөөр хэлбэл, цаазын ялтай оронд онц ноцтой гэмт хэргийн тоо бага байдаг гэх нотолгоо хомс.
Цаазын ялыг сэргээх хамгийн том эрсдэл нь хэлмэгдүүлэлт. Цааз бол эргэлт буцалтгүй ял. Гэтэл цаазын ял сонссон хүн хожим нь гэм зэмгүй болох нь тогтоогдсон тохиолдол дэлхий дахинд олон бий. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа шударга бус явагдвал гэмгүй хүнийг “гэмт хэрэгтэн” болгох магадлал ч маш өндөр. Ийм түүх ч бий.
Тиймээс цаазын ялыг сэргээ, ал, дүүжил гэх нь шийдэл биш. Харин цаазын ялын оронд бүх насаар нь хорих ял шийтгэлийг санал болгодог бөгөөд энэ нь хүн өөрийн хийсэн үйлдэлдээ биеэр хариуцлага хүлээх, хорих байгууллагад урт хугацааны хөдөлмөр эрхлүүлэх, сургалт, үйлдвэрлэлд оролцуулах боломж олгож, эдийн засгийн эргэлт бий болгодог байна.
ХУУЛЬ ТОГТООГЧДЫН БАЙР СУУРЬ:
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
Цаазын ялыг би дэмждэггүй. Хэд, хэдэн шалтгаан бий. Саяхан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болсон. Төрд хүн алах эрх байх нь урвуулан ашиглагдсан тохиолдолд ямар аюултай болохыг бид мартаж болохгүй. Хоёрдугаарт, цаазын ялыг сэргээснээр буюу ялын бодлого чангарснаар гэмт хэрэг буурдаггүй нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн хүн хэлмэгдэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ асуудлыг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээнд ярих нь зохимжгүй. Ялангуяа хууль тогтоогчдын хувьд энэ бол ярих ёсгүй зүйл гэж бодож байна. Цаазын ялыг халсан нь нэгдсэн орсон гэрээ конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа явдал. Монгол Улс НҮБ-аас цаазын ялтай холбоотой сануулга, анхааруулгыг удаа дараа авч байсан. Тэгэхээр цаазын ялыг сэргээх асуудал ярих юм бол олон улсын өмнө хариуцлага хүлээх асуудал яригдана.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл
Онц ноцтой гэмт хэрэг үйлдээд байгаа нөхдийг цаазаар авч байгаа нь зовлон, шаналалаас нь хурдан салгаж байгаа хэлбэр гэж боддог. Хоригдож, хийсэн хэргээ бодож, шаналах ёстой. Гяндангийн нөхцөл хүнд. Тэнд олон жил зовох ёстой. Түүнчлэн хууль зүйн хувьд цаазаар явах ялыг сэргээх боломж хомс болсон. Олон улсын гэрээнд нэгдчихсэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
Нийгмийн цочроосон гэмт хэргүүд гарч байна. Гэхдээ эдгээрийн шийдэл нь цаазын ял биш. Цаазын ял нь хэлмэгдүүлэлт бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Цаазын ял нь гэмт хэргийг гаралтыг бууруулдаггүй. Эсрэгээрээ хэн нэгнийг хилсээр ял үүрүүлэх зэрэг бусармаг зүйлүүд гардаг. Энэ бол дэлхий нийтэд гардаг тохиолдол. Тиймээс уг ялыг бүх насаар нь хорих ялаар сольсон. Улмаар олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Би олон нийтэд ганц зүйл хэлмээр байгаа юм. Цаазаар авах ял шийдэл биш. Бүх насаар нь хорих ял бол цаазаар авахаас ч илүү аймшигтай ял.