ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д Ши Жиньпин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай уулзсан. Энэ уулзалтын дараа Оросын арми Украины эсрэг 2022 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан агаарын довтолгооныг хийж Киев дэх төрийн байгууламж руу халдсан.
Мөн өнгөрсөн баасан гарагт ОХУ, Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалт эхлээд байгаа юм.
Тэгвэл Польшийн агаарын орон зайд ОХУ-ын дронууд нэвтэрлээ. Эдгээр дронуудыг Польшийн арми аюулгүй болгож унагаасан бөгөөд унагасан дронуудыг хайх хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлээд байна.
ОХУ Украины нутаг дэвсгэрт агаарын цохилт өгөх үеэр дронууд нь Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн байна. Польшийн Ерөнхий сайд Доналд Таск “Удаа дараа Польшийн агаарын орон зайд халдсан хэрэгтэй холбоотой тусгай ажиллагааг боловсруулж байна. Дронуудыг устгахад зэвсэг ашигласан. Ерөнхийлөгч Карол Навроцки болон цэргийн ажиллагаа хариуцсан командлагчтай байнга холбоотой байгаа” гэж Х цахим хуудсандаа бичжээ.
Польшийн агаарын орон зайд дронууд нэвтэрсэн явдал нь Польшийн ард иргэдийн амь нас төдийгүй Европын аюулгүй байдалд заналхийлж буй ноцтой үйлдэл гэж үзэж байна.
Польш бол НАТО-ын гишүүн орон. Аль нэг гишүүн орны эсрэг халдвал НАТО-ын бусад орнуудад ч хамааралтай болно. Тиймээс Польшийн Засгийн газар НАТО-ын удирдах газартай байнгын холбоо тогтоож байна гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыш мэдэгдлээ.
Түүнчлэн иргэд оршин суугчдыг тайван байхыг уриалж, ямар нэг зэвсэг, дроны хэсэг олбол албаны хүмүүст мэдэгдэхийг уриалжээ.
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Варшавын олон улсын нисэх буудал болон өөр хэд хэдэн нисэх буудлыг хаасан байна. Ингэхдээ улс орны аюулгүй байдалтай холбоотой цэргийн урьдчилан төлөвлөөгүй үйл ажиллагааны улмаас эдгээр нисэх буудлуудын эргэн тойронд агаарын орон зайг хаасан гэж мэдэгджээ.
Одоогоор хичнээн дрон Польшийн хилийг нэвтэрсэн нь тодорхойгүй байна. Ямартай ч Украины хилийн ойролцоох Жешов хотод нэг дрон унасан тухай зарим хэвлэл мэдээлжээ. Жешов хотын нисэх буудлыг мөн хаасан. Уг нисэх буудал нь НАТО-ын тусламжийг Украин руу илгээдэг ложистикийн чухал байршил юм.
Варшаваас зүүн урагшаа байдаг Люблин хотын нисэх буудал мөн хаагджээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямбаас ням гарагт шилжих шөнө Оросын арми Украин руу 800 гаруй дроноор довтолсон. ЭНэ довтолгооны үеэр Киев дэх Засгийн газрын барилга өртөж иргэд нас барсан. Түүнчлэн ОХУ, Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэн тул Польш улс Беларусьтай хиллэдэг хилээ өчигдөр хаажээ.