
Канад, Мексик, АНУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 70 хоног үлдээд байна.
Ирэх зургаадугаар сарын 11-ний өдөр “А” хэсгийн Мексик-Өмнөд Африкийн тоглолтоор энэ жилийн ДАШТ эхлэх юм. Үүнээс ердөө дөрөв хоногийн дараа Лос-Анжелест “G” хэсгийн Иран-Шинэ Зеландын тоглолт болох учиртай. Гэхдээ Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас зарим тоглолтын байршлыг өөрчлөх асуудал яригдаж эхэллээ.
Хэрвээ мөргөлдөөний асуудал улам даамжирвал Ираны хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхиход ч бэлэн болжээ.
Иймээс анх удаа өрсөлдөх 48 баг бүрэн тодрохоос өмнө тоглолтын хуваарийг өөрчлөх үү, эсвэл Иран тэмцээнээс хасагдах уу гэдэг асуулт олон улсын анхаарлыг татаж эхлэв. Энэ хэрээр Канад, Мексик, АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын хуваарьт өөрчлөлт орох уу гэсэн асуултын хариуг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) ирэх сард эцсийн байдлаар өгөх боллоо. Хэрвээ Ираны шигшээ баг хасагдах бол Ази тивийн аль баг орлох вэ гэдэг нь ФИФА-гийн шийдвэрээс шалтгаалах юм. Ийнхүү Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас хөлбөмбөгийн ертөнцөд том өөрчлөлтүүд гарсаар байна.
Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас гадна ДАШТ-ий тэмцээний урьдчилсан сонгон шалгаруулалтын тоглолтууд анхаарал татаж байна. Одоо үлдсэн зургаан эрх бий. Өөрөөр хэлбэл, 48 багийн 42 нь бүрэн тодорсон бол үлдсэн эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн.
Европын плэй-оффын тоглолтоос Итали, Швед, Польш, Турк зэрэг найман баг цааш тоглох боломжтой боллоо. Энэ тоглолтууд гуравдугаар сарын 31-д болж, хожсон баг нь ДАШТ-ийг зорих эрхтэй болох юм.
Итали - Босни-Герцеговин, Швед - Польш, Косово - Турк, Чех – Дани гэсэн тоглолтууд болно. Мөн Ази тив хоорондын бүсээс Ямайк БН Конготой, Боливи Иракын багтай тоглохоор боллоо.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны сүүлийн чансаагаар Японы ард БНСУын урд бичигдсэн Ираны шигшээ баг 20-р байрт жагсаж байна. Энэ чансаагаар Ази тивийн гурван багт эхний 22-т багтсан. Энэ багуудын нэг бол Ираны шигшээ баг юм. Гэхдээ тэд өнөөдөр Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас 2026 оны ДАШТ-ийг өнжихөд хүрээд байна. Учир нь АНУ, Израилийн Иран руу хийсэн цохилтын улмаас Персийн булангийн орнуудад мөргөлдөөн эхэлсэн.
Энэ байдлын улмаас Катарт болох байсан хөлбөмбөгийн тоглолт цуцлагдаж цаашаад Ираны талаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байдалд хүрлээ. Энэ үймээний улмаас дэлхийн чансааны 20-д бичигдэж буй Ираны шигшээ баг 48 багт үлдэх эсэх нь ФИФА-гийн мэдэлд ирлээ. Гэхдээ Иран хасагдах нь эцсийн шийдвэр биш юм. Учир нь Ираны шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд тоглолт болох газрыг өөрчлөх хүсэлтээ Олон улсын хөлбөмбөгийн холбоонд өгсөн. Энэ талаар ФИФА яаралтай шийдвэр гаргахаар удаа дараагийн уулзалтыг хийсээр байна. Ираны талаас зургаадугаар сарын 15-д АНУ-д эхлэх хэсгийн тоглолтын хуваарийг Мексикийн талд шилжүүлж өгөх хүсэлтийг өгсөн нь тэд тоглоход бэлэн гэдгийн илэрхийлэл.
Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж
Манай багийн аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байгаа. Дональд Трамп манай шигшээ багийн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй. Бид АНУ руу явахгүй нь тодорхой. ДАШТ-ий тоглолтыг Мексик рүү шилжүүлэх талаар бид ФИФА-тай хэлэлцээ хийж байна. Манай баг Туркэд бэлтгэлээ хийж байгаа. Бидэнд хоёр ч нөхөрсөг тоглолт бий. Бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихийг хүсэхгүй байна.
Өдгөө Турк улсад бэлтгэлээ хийж буй Ираны шигшээ багийн асуудлыг 48 баг бүрэн тодорсны дараа мэдэгдэхээр болсон. ФИФА-гийн ирэх сард гарах шийдвэр олны анхааралд байсаар байна. Энэ мөргөлдөөний улмаас Персийн булангийн орнуудын аялал жуулчлал, аюулгүй байдлын асуудал дээд түвшинд яригдаж зарим тоглолт цуцлагдлаа.
Тодруулбал, Катарт энэ сард болох байсан “Finalissima” тэмцээний Испани-Аргентин тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Мөн үүнээс гадна Ази, номхон далайн бүсийн олон улсын тэмцээнд тодорхой өөрчлөлтүүд орлоо.
Мөргөлдөөний улмаас Ираны шигшээ баг 48 багаас хасагдах хэмжээнд хүрвэл ямар баг орлох нь анхаарал татаж буй.
Хамгийн өндөр магадлалтай нь Иракийн шигшээ баг юм. Тэд үлдсэн эрхийн төлөө тунаж үлдсэн багийн нэг.
Мөн үүнээс гадна Азийн хөлбөмбөгийн хамгийн чансаа өндөр багаас сонгох хувилбар ч гарч иржээ. Гэхдээ эцсийн байдлаар Ираны шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжих хүсэлгүй байгаагаа илэрхийлсээр байна. ФИФА Ираны талын шийдвэрийг хүлээн авч Мексикт тоглолтын хуваарийг өөрчлөх үү гэдэг асуултын хариу ирэх сард тодорно.
Ойрхи Дорнодын мөргөлдөөний өмнө Австрали улсад эмэгтэй хөлбөмбөгийн Ази тивийн цомын тэмцээн болсон. Энэ тэмцээнээс 2027 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд тодорсон билээ. Харин тэмцээний хэсгийн тоглолт мөргөлдөөнтэй давхцаны улмаас Ираны шигшээ баг БНСУ-ын багтай тоглохын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан. Улмаар хэсгийн сүүлийн байрт орсон Ираны шигшээ багийн гишүүд Австралиас улс төрийн орогнол хүсээд байсан юм.
Тэгвэл энэ шийдвэр хэдхэн хоногийн дараа өөрчлөгдөж Ираны хөлбөмбөгийн эмэгтэй багийн ахлагч Захра Ганбариагаас эхлээд таван гишүүн буцах шийдвэр гаргасан. Харин шигшээ багийн гурван тоглогч Австралид үлдэх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас Ираны эмэгтэй багийн гишүүд ч хүндхэн сонголттой тулгарч цааш олон талд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна.
Ираны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Захра Ганбари
Энэ шийдвэрийг бид маш удаан ярилцлаа. Мөн багийн гишүүдийн саналыг авсан. Манай багаас эхний гурван тамирчин Иран руу буцахаар болсон. Тэдэнтэй дахин хоёр тамирчин нэгдлээ. Багийн ахлагчийн хувьд буцах шийдвэр гаргасан. Австралийн Засгийн газраас бүхий л боломжуудыг авч байгаа. Харин багийн гурван гишүүний Австралид үлдэх шийдвэр хэвээр байгаа. Бид олон талын зөвлөгөөг авч байна. Австралид үлдэх тоглогчид асар их дарамтад байгаа. Тэдэнд дэмжлэг, хамгаалалт хэрэгтэй.