
Аль нэг байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотой сөрөг мэдээлэл нийгэмд түгэхтэй зэрэг холбогдох газруудаас “МЭДЭГДЭЛ” гэх толгойтой тайлбар гаргадаг жишиг нийгэмд тогтов. Хувь хүмүүс ч өөрсдийн нийгмийн сүлжээнд ийн гарчигласан мэдээллийг нийтлэх тохиолдол нэн элбэг. Зар сурталчилгаа, олон нийтэд хүргэхийг зорьсон асуудлаа ингэж эхлүүлэх нь хүмүүсийн анхаарлыг татдаг болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ мэдэгдэл гэдэг нь албан ёсны, баримтад тулгуурласан агуулга байх учиртай.
Мэдэгдэл гэдэг ямар нэгэн үйл явдал, асуудлын талаар албан ёсны байр суурь, санамж, мэдээлэл хүргэх зорилгоор ам болон бичгээр гаргадаг албан баримтыг мэдэгдэл гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
Амаар буюу бичгээр өгсөн албан ёсны санамжийг мэдэгдэл гэнэ.Монгол хэлний тайлбар толь
Хэлний бодлогын үндэсний зөвлөл мэдэгдэл гэх үгийг тайлбарлахдаа “Албан баримт” зэрэг үгийг тодотгон тусгажээ. Эндээс чухам юуг мэдэгдэлд тооцох вэ гэдэг нь нэн тодорхой харагдана. Гэвч баримтгүй, үзэл бодол давамгайлсан, “арьсаа хамгаалах” зорилгоор МЭДЭГДЭЛ гэх гарчигтай элдэв бичвэр нийтлэхдээ байгууллагынхаа лого, нэрийг байршуулж, сүржин эх бэлтгэж байна. Өнгөрөгч даваа гарагт “Монголын төмөр зам” ТӨХК-иас гаргасан мэдээлэл үүний тод жишээ.
Нийгмийн сүлжээнд цацагдсан зүй бус бичлэгтэй холбоотойгоор тус компанийн нэр бүхий албан тушаалтантай холбоотой мэдээлэл цацагдсан. Хүмүүсийн цуурхал үнэн эсэхийг, зүй бус бичлэгт гарсан хүмүүс хууль бус зүйл хийсэн үгүйг гагцхүү хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Харин холбогдох байгууллага хийгээд хувь хүн үнэн, мөн ийг тогтоох боломжгүй. Эрх ч үгүй. Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК дээрх бичлэгийг худал, үндэслэлгүй мэдээлэл гэж няцаан, нэр хүндэд нь халдсан асуудлаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандсанаа мэдээлсэн юм. Үнэн, худлыг дэнслүүлэхээр хуулийн байгууллагад хандсан нь сайн хэрэг. Зүйд дөхнө. Гэхдээ цагдаа, шүүх шалгаж тогтоох ёстой асуудлыг байгууллага урьдчилан дүгнэж, “худал” хэмээн мэдэгдсэн нь ноцтой алдаа. Түүнчлэн мэдэгдэл гэж гарчигласан бичвэрт “Худал мэдээлэл нь төмөр замчдын хийсэн бүтээн байгуулалтыг илтэд үгүйсгэсэн, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, цаашлаад төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлөх зорилготой зохион байгуулалттай, ноцтой үйлдэл” гэжээ. Дахин хэлэхэд, худал мэдээлэл гэдгийг хийгээд зохион байгуулалттай эсэхийг холбогдох л тогтооно. Ингэсэн тохиолдолд баримтаа дэлгээд, мэдэгдлээ хийхийг зөвтгөж болох. Харин цагдаад хандсан гэдэг нь гүтгэлэг гэдгийг батлах, мэдэгдэл гаргахыг зөвтгөх өнцөг огт биш юм. Мэдэгдэл гэдэг албан ёсны байр сууриа баримтад тулгууран илэрхийлэх процесс юм.
Энэ бол ганц “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой асуудал биш. Сөрөг мэдээлэл гармагц түүнийг шалгаж, тайлбарлахын оронд няцаах, шүүмжлэлд хариулахын оронд шүүмжлэгчийг буруутгах, асуудлын голоос хөндийрч байгууллагын нэр хүндийг урдаа барих хандлага манай улсад бүр газар авсны ганцхан жишээ. Ингэхдээ бодит баримт, нотолгоо дэлгэхээс илүүтэй “үндэслэлгүй”, “зохион байгуулалттай”, “нэр хүндэд халдсан” “гүтгэлэг” гэх үгсийг тодотгох нь бий. Үг өөрөө нотолгоо биш. Мөн аливаа бичвэрийн толгой дээр “МЭДЭГДЭЛ” тодотгосноор худал үнэн болж хувирахгүй. Мэдэгдлийн үнэ цэн үгэндээ бус бус үнэндээ бий.