
Хятадын эрх баригч Коммунист нам дотоод сахилга батыг чангатгах тухай албан ёсны тогтоолдоо намдаа үнэнч байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, намын эгнээнээс "бохирдол, вирус"-ыг арилгахын тулд авлигын кампанит ажлаа үргэлжлүүлэхээ амлажээ. Энэ долоо хоногт болсон намын удирдлагын хурлаар баталсан уг тогтоолын товч агуулгыг пүрэв гарагт танилцуулсан бол дэлгэрэнгүй хувилбарыг төрийн мэдлийн Синьхуа агентлаг ням гарагт нийтэлсэн байна.
Тогтоолд намын гишүүдийн үнэнч байдлыг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан тушаалтнуудыг өдөр тутмын ажил, хувийн зан төлөв, хэлсэн үг, нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлд нь тулгуурлан үнэлж, намын үзэл баримтлалд үнэнч байдлыг нь харгалзан шалгаруулж, албан тушаал дэвшүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн намын "өөрийгөө хувьсгалжуулах" үйл явцыг цаашид үргэлжлүүлэхээр тусгасан байна.
Ням гарагт Синьхуа агентлагаас нийтэлсэн тогтоолд "Намын эгнээ бүхэлдээ авч үзвэл хэвийн, сайн байгаа ч үзэл суртлын, зохион байгуулалтын болон ажлын арга барилын бохирдлын асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна" гэж дурджээ. Энэхүү дэлгэрэнгүй баримт бичиг нь Хятадын асар том төрийн захиргааны аппаратад ажилладаг сая сая хүнийг хамарсан, арав гаруй жил үргэлжилж буй сахилга бат, авлигын эсрэг кампанит ажлын шинэчилсэн хүрээг тодорхойлсон байна.
Намын удирдлага намын боловсон хүчнүүдэд ажил амьдралынх нь бүхий л хугацаанд илүү нарийн хяналт тавихыг уриалжээ. Үүнд албан тушаалтнуудын хувийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг илүү нягт шалгах, гэр бүлийн хөрөнгө болон зарлага нь хууль ёсны орлоготой нь нийцэхгүй байгаа тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг багтах аж. Түүнчлэн албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийн бизнесийн үйл ажиллагааг тогтмол шалгаж байхыг тогтоолд тусгажээ.
Авлигын эсрэг кампанит ажил нь нуугдмал болон технологи ашигласан авлигын хэлбэрүүдийг онилох бөгөөд үүнд бусдын нэр дээр хувьцаа эзэмших, криптовалют, блокчэйн технологи болон хил дамнасан санхүүгийн урсгалыг ашиглан авлига үйлдэх явдлыг хамруулахаар тусгасан байна.
Нам хамтын удирдлагын зарчмыг онцолж, намын байгууллагууд шат шатны доод албан тушаалтнуудаас эцсийн шийдвэр гаргах эрх бүхий удирдагчдынхаа "хувийн эрх мэдлийг" хүлээн зөвшөөрөхийг шаардах ёсгүй гэж мэдэгджээ. Гэвч энэ заалт нь төв удирдлагын аль хэдийн бэхжсэн эрх мэдлийг хязгаарлах бус, харин орон нутгийн нам болон төрийн байгууллагуудад нэг хүний эрх мэдэл хэт төвлөрөхөөс сэргийлэхэд чиглэсэн бололтой.