
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаагийн "4:11 мэдээллийн цаг"-т АН-ын дарга О.Цогтгэрэл, бүлгийн дарга Б.Түвшин, дэд дарга Х.Тэмүүжин нар оролцлоо.
О.Цогтгэрэл: -Ерөнхийлөгч албан тушаалаасаа бууснаас хойш зургаан жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашихгүй байх хуультай болох хэрэгтэй байна. Хэдхэн цагийн дараа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албыг давхар хаших гэж байна. Н.Учралыг УИХ-ын дарга байх үед манай нам УИХ-ын даргаар намын дарга хүн ажиллаж болохгүй гэсэн шаардлага тавьж байсан. Одоо бүр УИХ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байх ёстой Ерөнхийлөгчийн албыг давхар хаших нь.
Б.Түвшин: -АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаад Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувийн саналаар хүлээж авсан.
Х.Тэмүүжин: -2025 оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудсанд Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл тавигдсан. Уг хуулийн төсөл Ерөнхийлөгчийн тухай хуулийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх, Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгоогүй эрхийг хязгаарлахаар бичигдсэн. Мөн энэ хуулийн төсөлд чухал заалтууд бий. Тухайлбал, Ерөнхийлөгч албан тушаалаасаа бууснаас хойш зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэсэн заалт бий. Ерөнхийлөгч байсан хүмүүс улс төрийн албан тушаал болон төрийн алба руу орох эрхгүй байх ёстой.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх мэдэл бий. Тухайлбал, УИХ-ыг тараах. Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөж УИХ-ыг тараах саналаа парламент руу оруулах хуультай. Одоо нэг хүн энэ эрхийг эдлэх гэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа УИХ-ыг тараах санаачилга гаргаж болохгүй.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга өөрөө баталсан хуульдаа Ерөнхийлөгчийн дүрээр хориг тавьж болохгүй.
Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэх гэж байна. Тиймээс асуудал бүр ноцтой болоогүй цагт ҮАБЗ-ийг хуралдуулахгүй байх хэрэгтэй.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг орлоно. Түүнээс Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэж байхгүй. Тиймээс УИХ-ын чуулганыг хоёр дэд дарга нь удирдаад явах хэрэгтэй.
Үндсэн хуульд "УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай журамласан хууль гаргана" гэсэн заалт бий. Гэтэл одоо ийм хууль байхгүй. Мөн Ерөнхийлөгчийн тухай хуульд "УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол яаж хэрэгжүүлэх тухай УИХ-аас шийдвэр гаргана" гэсэн зохицуулалт бий. Тэгэхээр УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж онц байдал зарлах гэх мэт шийдвэр гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл авна. Ирэх дөрвөн сарын хугацаанд Монголын заяа их гэдэг шиг элдэв зүйл битгий болоосой гэж хүсэж байна.