
Snap компанийн захирал Эван Шпигел өсвөр насны хэрэглэгчдийн апп ашиглах хугацаанд дээд хязгаар тогтоох нь салбарын хэмжээнд чухал алхам гэдгийг зөвшөөрчээ.
Snapchat-ийн толгой компани Snap Inc өсвөр насныхны апп ашиглах хугацаанд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг “хэрэгжүүлэхэд бэлэн” байгаагаа илэрхийлэв. Энэ нь Meta компани бусад сошиал медиа платформуудыг ижил төстэй арга хэмжээ авахыг уриалсантай холбоотой юм.
Snap компанийн захирал Эван Шпигел BBC-д өгсөн ярилцлагадаа залуу хэрэглэгчид апп дээр өнгөрүүлж болох хугацаанд дээд хязгаар тогтоох нь “салбарын хувьд урагшлах чухал алхам” байж болохыг хэлсэн байна.
Meta компани АНУ-ын муж улсуудтай байгуулсан, олон тэрбум ам.долларын үнийн дүнтэй хууль эрх зүйн тохиролцооны хүрээнд зөвшөөрсөн платформын өөрчлөлтүүдэд бусад сошиал медиа компаниудыг нэгдэхийг шахаж буй.
Instagram болон Facebook-ийн толгой компани Meta-г АНУ-ын ихэнх муж улсын ерөнхий прокурорууд залуу хэрэглэгчдийг донтуулдаг байдлаар аппуудаа зориудаар зохион бүтээсэн гэж буруутгадаг. Тус компани 12.7 тэрбум ам.доллар төлөх, мөн платформуудаа ашигладаг өсвөр насны хэрэглэгчдэд анхдагч тохиргоогоор өдөрт хоёр цагийн хязгаарлалт тогтоохоор зөвшөөрсөн байна. Үүнээс гадна хичээлийн цагаар мэдэгдлийг дуугүй болгох, шөнийн цагаар ашиглахыг хаах зэрэг бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.
“Энэ нь салбарын хэмжээнд нийтлэг хэм хэмжээг тодорхойлоход үнэхээр чухал алхам гэж би бодож байна. Ерөнхийдөө энэ нь ашигтай байх болно. Бид нөхцөлүүдийг маш нухацтай авч үзсэн” гэж Шпигел BBC-д хэлжээ.
Meta наймдугаар сард байгуулсан тохиролцооны хүрээнд илүү хатуу цагийн хязгаарлалт хэрэгжүүлж, YouTube болон TikTok мөн адил арга хэмжээ авбал нэмэлтээр 5.3 тэрбум ам.доллар төлөхөө мэдэгдсэн байна. Тус компани тохиролцооны хүрээнд ямар нэгэн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөгүй ч төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж дуусгахаар болжээ.
Meta, YouTube, TikTok болон Snap компаниудын эсрэг эдгээр апп нь залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг бий болгоход нөлөөлсөн гэх нэхэмжлэлүүд олноор гарсан. Мөн Snap компанийг хууль бус хар тамхины худалдааг дэмжсэн гэж буруутгаж байсан юм.
Snapchat-ийн Family Center функцээр дамжуулан эцэг эхчүүд хүүхдүүд нь аппыг хэрхэн ашиглаж байгаагийн зарим үзүүлэлтийг хянах боломжтойг Шпигел онцолжээ.
YouTube-ийн толгой компани Google-ээс Meta-гийн тохиролцоонд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эсэхийг асуухад тайлбар өгөхөөс татгалзжээ.