
АНУ-ын зуучлалтайгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй Орос, Украины хэлэлцээний эхний өдөр “бүтээлч, агуулга өргөнтэй” байлаа гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэв.
Зеленський АНЭУ дахь Украины хэлэлцээний багийн мэдээллийг сонссоныхоо дараа Орос, Украины хоорондох хоёр өдрийн шууд хэлэлцээний эхний хагаст хүмүүнлэгийн асуудал болон аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан гэдгийг мөн дурджээ.
Энэхүү хэлэлцээ нь нэгдүгээр болон хоёрдугаар сард болсон аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтуудын үргэлжлэл юм. Москва дөрвөн жил гаруйн өмнө хөрш орон руугаа довтолсноос хойш үргэлжилж буй дайныг зогсоох Вашингтоны шинэ оролдлого юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер АНУ-ын тусгай элч Стив Уиткоффын хамт энхийн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа юм. Кушнер хэлэлцээний зорилго нь “өнгөрсөн үеийн янз бүрийн байгууллага, ойлголтуудад тулгуурлан шинэ тогтолцоо, шинэ ойлголтыг бий болгох” явдал гээд “Бид өмнө нь юу амжилттай болсныг авч үзэж, юу бүтэлгүйтсэн, яагаад өнөөгийн нөхцөл байдалд хүрснийг тодорхойлохыг хичээнэ. Ингэснээр хэдэн арван жил, цаашлаад хэдэн зуун жил үргэлжлэх энх тайвныг бий болгох шинэ тогтолцоог бүрдүүлнэ гэж найдаж байна” гэв.
Украины Гадаад тагнуулын албаны дарга, Киевийн төлөөлөгчдийг ахалж буй Рустем Умеров Оросын түрэмгийллийг зогсоохын төлөө гаргаж буй хүчин чармайлтад АНУ-д талархаад “Манай ард түмэн энэ дайныг дуусахыг хүлээж байна. Украинд тогтвортой энх тайван тогтоож чадна гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэлцээ эхлэх үеэр Оросын багийн бүрэлдэхүүн “илүү өргөжиж, мэргэжлийн түвшин нь дээшилсэн” гэдгийг онцолжээ. Тэрбээр энэхүү уулзалт “Орос, Украины ард түмний эрх ашгийн төлөө энх тайванд хүрэх замд ахиц гаргах боломж олгоно” хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Европын орнууд хэлэлцээний ширээний ард суухыг хүсэж байна
АНУ-ын хэлэлцээр байгуулах шинэ оролдлого нь Европын албан тушаалтнуудыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших тус тивийн хамгийн их хохирол дагуулсан мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээнд оролцох эрхээ шаардахад хүргэжээ.
Үндсэн уулзалт эхлэхээс өмнө Украины төлөөлөгчид Европын орнууд, НАТО, Европын Холбооны төлөөлөгчид болон АНУ-ын хоёр тусгай элчтэй тус тусад нь уулзсан байна.
Украинд тогтвортой энх тайван тогтоохын тулд Европын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай учир хэлэлцээрт Европын орнууд оролцох ёстой гэж Франц мэдэгджээ. Харин Оросын тал Украин болон АНУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтад Европын орнуудад оролцох байр суурь байхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байна.
Парист болсон уулзалт
“Их долоо”-гийн гадаад хэргийн сайд нар мягмар гарагт Парис хотод уулзаж, Украины болон Ираны дайны асуудлыг голлон хэлэлцсэн тухай Аль Жазирагийн сурвалжлагч Ребекка Коллард мэдээлжээ.
Гэхдээ уулзалтад оролцогчид эдгээр мөргөлдөөний талаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй аж. “Одоогийн байдлаар АНУ нь Европын орнуудын, ялангуяа Украины асуудлаар баримтлахыг хүсэж буй олон бодлогоос тодорхой хэмжээнд зөрүүтэй байр суурьтай байгаа нь илт байна” гэж Коллард мэдээлжээ.
Хэлэлцээ эхлэхээс өмнө Трамп сэтгүүлчдэд хандан дайныг зогсоох “маш хүчтэй эрмэлзэл” хоёр талд ажиглагдаж байгаа, аль аль нь “тулалдахаас залхсан” гэж үзэж байгаагаа хэлжээ.
Нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн АНУ-ын албан тушаалтны хэлснээр, Москва болон Киевийн тал Оросын эзэлсэн Украины нутаг дэвсгэрийн асуудлаар хаалттай хэлэлцээний үеэр тодорхой хэмжээний уян хатан байр суурь илэрхийлжээ. Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгаа хэлэлцээний гол сэдвийн нэг байх бөгөөд үүнд НАТО-гийн үүсгэн байгуулах гэрээний тавдугаар зүйлд тулгуурласан батлан хамгаалах амлалт өгөх боломж ч багтаж байгааг уг албан тушаалтан хэлсэн байна. Украин, Оросын аль аль нь нутаг дэвсгэрийн асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа юм.
Украин Оросын цэргийг хоёр улсын анхны хилийн шугам хүртэл ухраахыг хүсэж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Донбассын бүс нутгийг бүхэлд нь эзлэх зорилготой.
Орос улс Крым болон Донбассын зүүн хэсгийн зарим нутаг дэвсгэрийг оролцуулан Украины нийт газар нутгийн 20 орчим хувийг эзлээд байгаа юм. Москвагийн эзэлсэн Украины бүс нутгуудад тавьж буй нэхэмжлэлийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй. Гэсэн хэдий ч Трамп дайныг зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд Киевийг энэ тал дээр буулт хийхийг өмнө нь уриалж байв.
Нутаг дэвсгэрийн асуудлаарх аливаа тохиролцоо хэлэлцээний төгсгөлд, дайны дараах аюулгүй байдлын тогтолцоо зэрэг бусад асуудлыг шийдвэрлэсний дараа хийгдэх магадлалтай гэж АНУ-ын албан тушаалтан мэдэгджээ.