
Нэпко хэвлэлийн газраас Туркийн нэрт зохиолч Азиз Несины "Худалч" романыг уншигчдад хүргэлээ.
Несины бүтээлийн онцлог нь ёгтлол, хоншигнолоор баялаг агаад төгсгөлд нь уншигчийг эргэлзээнд үлдээдэгт оршино. Түүний дүрүүдэд туйлын муу, сайн хүн гэж үгүй. Харин жирийн хүмүүсийн айдас, ашиг хонжоо хайх зан, хариуцлагаас бултах хүсэл, бусдад таалагдах гэсэн оролдлого нь хоржоонтой агаад эмгэнэлт дүр зураг үүсгэдэг.
Уншигч зохиолын баатрыг шоолж суух зуураа өөрийнх нь амьдарч буй нийгэмд яг ийм явдал буйг, заримдаа өөрөө ч ийм авир гаргадаг гэдгээ анзаарна.
Монголчууд эл зохиолчийг “Буян заяаны нууц”, “ Заан хочит Хамдиг баривчилсан нь”, “Толь”, “Айтений хар хүн” зэрэг хурц дүрслэл, гашуун инээдээр дүүрэн өгүүллэгүүдээр нь мэднэ. Тэгвэл энэ удаад Азиз Несины Түрктээ төдийгүй, дэлхий дахинд алдаршсан "Худалч" романыг эх хэлээрээ унших нь ээ. Зохиол бичигдсэн даруйдаа алдаршсан агаад гол баатрынх нь нэрээс сэдэвлэсэн “Зубукизм, Зубукчилал” гэх улс төрийн нэр томьёо хүртэл гарч байв. Үйл явдлын хувьд өнөөгийн Монголын улс төр, нийгмийн амьдралаар дүүрэн байгаа хоосон амлалт, манипуляци, популизмын үзэгдлийг он цагийн тэртээгээс тольдон харж, эш үзүүлсэн вивингиридичийн зөгнөл аятай гэдгийг хэвлэлийн газрын зүгээс онцолжээ.