
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн 677 дахь дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
Нэг.Тэдэнд томчууд юу өгсөн бэ?
Хэдэн тэрбумаар нь босгосон хандивын мөнгө нь үнэхээр хүүхдэдээ зарцуулагдаж, үр дүнгээ өгсөн бол өдгөө бид туулсан нийгэм бүрд тулгарч байсан эл асуудлын арай гэгээлэг талыг хөндөх байв. Гэвч манайд хүүхдийн тухай ярианы хамгийн гэгээтэй сэдэв нь “хүүхэд” өөрөө л байна.
Ирээдүйдээ санаа зовох асуудал түм бум. Санаа зоволгүй сайхан тоо ярьж суугаа сайд дарга нараас олон хүнгүй монголчууд хүүхдэдээ яг юу өгч, юуг өвлүүлж үлдээв. Утаатай хот, айдастай нийгэм, алхвал үрэгдэж мэдэх аюул ослоор дүүрэн амьдрах орчин. Тоглох зүлгийг нь тайраад босгочихсон олон давхар цементэн овоолго, тохитой суугаад ном унших бус томчуудын хэрүүлээр дүүрсэн цахим орчин. Амьдралд нь хүрэлцэхтэй, үгүйтэй цалингаараа ганц юм босгодог аав, ээжүүдтэй гэр орон.
Хүүхдэд халтай энэ байдлаа засан сайжруулахгүй бол хэчнээн ирээдүйн эзэд гэж тодотголоо ч тэдэнд “ирээдүй” байхгүй. Сурч боловсрох эрх хөндөгдөж, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сургуулийн орчимд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхал газар авч байхад бид зөвхөн мөнгө ярьж, өөрсдийгөө болоод өөрсдийнхөө хүүхдийг л өмөөрч сууцгаадаг араншинтай улс. Одоо тэгвэл нэгэнт хүүхэд ярьсан дээрээ бусад асуудлыг нь хөндөж хамтдаа шийдмээр байна. Тэгэхээр асуудал юунд байна вэ?
Б.Алтанхуягийн "Бид тэдэнд юу өгөв" нийтлэлээс
Хоёр. “Бялуу” хүртэх хүсэл эрмэлзэл
УИХ-аас хөрсөн дээрээ буусан, тооцоо судалгаатай, сайн хууль батлах нэг үндэс нь мэргэжлийн Байнгын хороодоос хамаардаг нь үнэн. Гэвч ес дэх парламентаа байгуулаад ажиллаж буй атлаа л одоо болтол арга барилаа олоогүй, Байнгын хороо нь ямар бүтэцтэй, алинд юуг хамааруулж ажиллах, яавал ачааллаа тэнцүүлэх талаар мэдлэггүй хэвээр байгаа нь гунигтай. Бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг нэг “гажиг” жишиг манай төрд шургалсан нь бүр парламентдаа ч “халдсан” аж. Аливаа шийдвэр гаргахын өмнө тооцоо, судалгаа гээд тун чухал нэг юм хийх учиртай байдаг. Гэвч үүнийг л орхигдуулаад байгаа нь хоёр жилд гурван удаа өөрчлөлт хийж буйгаас харагдана.
С.Туул "Байнгын хороод дахь хөдөлгөөн ба бялууны албан тушаал" нийтлэлээс
Гурав. Хийдэл, хийрхлийн цаана
Оновчтой, зөв шүүмжлэл иргэний нийгмийн нэг илрэл бол зүй бус шүүмжлэл асар хортой. Бид нийгмийн сүлжээнд хэн нэгний нэр төрд зүй бусаар, ямар ч цензургүйгээр халддаг болсон бөгөөд зарим тохиолдолд хуулиас урьтан эрүүдэн шүүж, “цахим шорон”-д хашдаг болов. Хамгийн аюултай нь, нийгмийн сүлжээ шүүхийн танхим, төрийн сэнтий мэт ажилладаг болсон ч тал бий. Тодруулбал, шүүх хийгээд төр олон нийтийн санаа бодол, ая талд нийцүүлж элдэв шийдвэр гаргасан тоо, тохиолдол цөөнгүй.
Нөгөөтэйгүүр, иргэдийн цахим шүүмжлэл их байх хэрээр нийгмийн бодит оролцоо бага байдаг. “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо” судалгаагаар дөрвөн иргэн тутмын нэг нь орон нутгийнхаа хөгжил, иргэдийн амьдрал ахуйтай холбоотой асуудалд байнга оролцдог бол хоёр нь зарим үед, үлдсэн нэг нь ямар нэгэн байдлаар оролцохгүйгээ илэрхийлсэн байна.
О.Даваасүрэнгийн " Шүүмжлэх дон" нийтлэлээс
Дөрөв. Хорин жилийн хүлээлт
2004 оноос хойших 13 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгасан ч өнөөдөр нүдэнд үзэгдэж, гарт баригдсан бодит бүтээн байгуулалт алга. "Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур, Бор- Өндөр, Тавантолгой зэрэг үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд нийт 45 үйлдвэр баригдаж, 68 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо бий.
Гэхдээ эдгээр тоо бодит биеллээ олоход есөн тэрбум ам.доллар шаардлагатай. Төсвөөс гаргах боломжгүй энэ хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гаднын хөрөнгө оруулалтаар шийдэх шаардлагатай. Тодорхой төслүүдийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улсын төсвөөс гаргаж, үндсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшилтэй хамтрах хувилбар гаргажээ. Эрдэс баялгийн нөөцөд түшиглэж, баригдах учир хөрөнгө оруулагчдын сонирхлыг үйлдвэрлэл, технологийн паркууд татна гэж найдаж байгаа юм.
М.Мөнхжаргалын "Хөрсөн дээрээ дөнгөж бууж эхэлсэн үйлдвэрлэл, технологийн паркууд" нийтлэлээс
Тав. Бусдын эрх чөлөөнөөс айх нь
Үндэстэн бүхэн цаг хугацааны шуургыг сөрж, эвлэлдэн нэгдээд хувьсгал хийж, тэмцсэнийхээ хүчээр эрх чөлөөг олдог юм биш. Энэ бол ховор тавилан, үндэстэнд заяасан бахархаж болмоор мөн чанар. Гэтэл бид ээж аав, ах эгч, эх орондоо хайртай хүмүүсийн ачаар золгосон ардчиллаа алаг үзэх болов. Угтаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүссэн ажлаа сонгож хийх, амьдрах эрх чөлөөгөө өөрийн арван хуруугаар бүтээн босгож чадах тийм хуультай, орчин нөхцөлтэй оронд бид амьдардаг. Зуураад байгаа асуудлуудыг зуур замд гээж орхиод эх орныхоо уужим, тэнүүн орон зайн хаа ч зорчиж болно. Бүх зүйл таны өмнө нээлттэй. Гэвч ухамсартаа хэдийнэ өөрсдийгөө хорьчихжээ.
Бид өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө үхэн хатан тэмцдэг атал бусдын эрх чөлөөнөөс үргэлж айдаг. Яг үнэндээ нийгмийн бухимдал эдгээр өдрүүдэд нийтийн асуудал дээр бус өөрөөсөө өөр хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй ядмаг хандлага дээр тогтож байна.
Б.Алтанхуягийн "Ядмаг" нийтлэлээс
Зургаа. Дэд бүтцийн гацаа
Хотын түгжрэлд хамаг цагаа алддаг нийслэлчүүдийн хувьд скүүтер, мопед, цахилгаан дугуй нь богино зайд хамгийн хурдан зорчих сонголт гэдэгтэй маргах хүн үгүй. Ийм ч учраас бичил тээврийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, өнөөдрийн байдлаар нийслэл хотод долоон аж ахуйн нэгжийн нийт 36468 цахилгаан скүүтер, мопед иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Өмнөх жилүүдэд ердөө 1-3 компани түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр хэрэглээ, хүрээ нь хэд дахин тэлжээ.
Уг нь энэхүү хурдтай тэлж буй хэрэглээг зохицуулах тодорхой дүрмүүд манайд бий. Гэвч цаасан дээрх энэ бүх дүрэм журам, стандартыг Улаанбаатарын хөрсөн дээр мөрдөнө гэдэг үнэхээр бартаа ихтэй.Үүний улмаас осол аваарын тоо жил бүр тасралтгүй өссөөр байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 2022-2025 оны хооронд зургаа дахин эрчимтэй өсжээ.
И.Сарангоогийн "Дүрэмгүй хөдөлгөөнт хот" нийтлэлээс
Долоо.Тоглож болохгүй сэдэв
“CANCEL CULTURE”-ийг хамгийн сайн үйлддэг Өмнөд Солонгосчуудын ээлжит шүүмжлэлийн бай нь “STARBUCKS KOREA” боллоо.
Өнгөрсөн сарын 18-нд “Tank day” нэртэй шинэ аягануудаа танилцуулах сурталчилгааг цацсан нь БНСУ даяар шүүмжлэл дагуулж, Starbacks нэрийн аягануудаа хагалж хаях, салбаруудаар нь үйлчлүүлэхээс татгалзах, гишүүнчлэлээ цуцлах зэрэг олон хэлбэрээр өрнөж байна. “Starbucks Korea”-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь халж, “Shinsegae Group”-ийн тэргүүн олон нийтээс биечлэн уучлал гуйсан ч ганцхан долоо хоногт 26.3% борлуулалтын уналт, 5.3–5.8 сая ам.долларын алдагдал, брэндийн нэр хүндийг навс унагасан явдлыг засаж чадсангүй.
Энэ мэт гунигтай, жигшүүртэй маркетингийн түүх олон.
Л.Эрдэнэжаргалын "Маркетингийн трагеди" нийтлэлээс
Найм. Ираны байдал эерэг болов
Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал асуудлын улмаас Ази тивийн шилдэг багийн нэг Ираны шигшээ багийн асуудал анхаарал татаж байв. Энэ асуудлыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос эцсийн байдлаар шийдлээ. Ираны багийн ДАШТ-д тоглох нь эргэлзээтэй байсан ч тэд эрхээ авсны дагуу тэмцээнээ эхлүүлэхээр болов. Ираны баг Мексикт байрлаж бэлтгэлээ хийхээр болсон. АНУ-д 39 баг байрлаж бэлтгэлээ хийх бол Иран, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Тунис, Уругвай, Колумбийн багууд Мексикт байрлах зохицуулалт хийжээ. Ираны шигшээ баг Белги, Египет, Шинэ Зеландтай G хэсэгт багтсан юм. Азийн багаас өндөр амжилт гаргах багийн нэгээр Ираны шигшээг нэрлэж байгаа. Тэд эрхээ авч чадсан учраас тэднийг тоглуулах болно гэж ФИФА-гаас мэдэгдэж байв. Тэгвэл Ираны тоглолтын өмнөх бэлтгэлийг Мексикт болгосноор байдлыг эерэг талд авчирлаа.
Ч.Болорчулууны "Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх зургаадугаар сар" нийтлэлээс
Ес.Таван жил тутамд 1024 бөх барилдуулах төсөл
УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн агуулга нь хэзээ 1024 бөх барилдуулахыг тодорхой болгох. Одоо хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-т “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэсэн заалт бий. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор хуульд өөрчлөлт оруулахгүйгээр 1024 бөх барилдуулж болно, болохгүй гэсэн маргаан өрнөөд байгаа. Мөн энэ хуулийн төсөлд аймгийн наадамд зургаа давсан бөхөд аймгийн харцага цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулжээ. Бас цол олгоогүй дараах барилдаануудад амжилттай барилдсан бөхчүүдэд нөхөн цол олгох нь зүйтэй гэж үзжээ.
Үндэсний их баяр наадам болоход бараг ганцхан сарын хугацаа үлдсэн ч наадамтай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд ярьж хэлэлцсэн зүйл одоогоор алга.
С.Шийлэгтөмөрийн "Эрийн гурван наадмын гурван төсөл" нийтлэлээс
