
Дональд Трампын засаг захиргаа Дээд шүүхийн шийдвэр болон хууль эрх зүйн маргааныг харгалзалгүйгээр АНУ-ын худалдааны гол түншүүдэд чиглэсэн импортын шинэ тарифын арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Өмнө нь тогтоосон 10 хувийн татвар энэ баасан гарагт дуусгавар болно. Цагаан ордны шийдвэрээр Их Британи, Мексик, Канад, Австрали, Энэтхэг, Хятад болон Европын Холбооны 27 гишүүн орон зэрэг 80 гаруй улсын импортын бараанд 12.5% татвар шинээр ногдуулахаар тусгасан байна.
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир шинэ татварыг 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р зүйлд үндэслэн хэрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ. Дээрх заалт нь албадан хөдөлмөр эрхлүүлдэг болон худалдааны шударга бус нөхцөл бүрдүүлдэг орнуудын эсрэг чиглэдэг юм. Гэвч АНУ-ын худалдааны хамгийн том түншүүдийн нэг болох Канад улс шийдвэрийг даруй эсэргүүцэж, албадан хөдөлмөрийн эсрэг тэмцэлд Канад тэргүүлэгч тул ийм байдлаар бай болох ёсгүй хэмээн мэдэгдээд байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх Трампын өмнөх тарифын шийдвэрүүдийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн тайлбараар татвар тогтоох эрх зөвхөн Конгрессод байдаг гэж үзсэн тул Засгийн газар түр хугацааны хуулийн заалтууд ашиглан тарифыг сунгаж ирсэн юм. Хуульчдын үзэж байгаагаар шинэ тариф нь Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан дахин нэг тохиолдол бөгөөд хэрэв шүүхэд гомдол гаргавал дахин хэрэгсэхгүй болох өндөр магадлалтай байна.
Байнга нэмэгдэж буй тарифын бодлогыг Америкийн хэрэглэгчид ч таашаахгүй байна. Санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь Трампын тарифын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэж үзжээ. Ойрхи Дорнод дахь хямралын улмаас шатахуун, эрчим хүчний үнэ өсөж, инфляц сүүлийн гурван жилийн дээд цэгтээ хүрээд байгаа хэдий ч Трампын засаг захиргаа эдгээр тариф нь дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн хамгаалсаар байгаа юм.