
“Айчи-Нагояа 2026” Азийн ХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын нэгдсэн уулзалт боллоо. Тус уулзалтад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн ахлагч Х.Баттулга, Х.Булгантуяа, багийн дэд ахлагч Ц.Сандуй, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон спорт холбоодын удирдлагууд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид оролцсон байна.
Уулзалтын үеэр спорт холбоодод Азийн наадмын зохион байгуулалтын мэдээлэл, баг тамирчдын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, анхаарах асуудлууд болон цаашдын зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, санал солилцжээ.
Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөл, зай, жинд 500 гаруй тамирчнаар оролцох мэдүүлгээ өгсөн байна. Мөн холбоод Азийн наадамд өрсөлдөх тамирчдын дунд сонгон шалгаруулалт хийж эхэлсэн. Чөлөөт бөхийн холбооноос баг тамирчдаа сонгосон бол жүдо бөхийн холбооноос шигшээ багийн дунд мөн сонголт хийж байгаа аж. Энэ жилийн Азийн наадамд Монгол Улсаас сагсанбөмбөг, волейбол зэрэг багийн төрөлд өрсөлдөнө.