
Кремлийн туслах Юрий Ушаков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дараагийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурван талт уулзалт хийж магадгүй гэж мэдэгдлээ.
Төрийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр түүнээс ийм уулзалт болох боломжийн талаар асуухад Ушаков “Тийм ээ. Энэ асуудлыг хэлэлцсэн” гэж хариулжээ.
Тэрбээр гурван улсын удирдагч бүгд APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байгааг дурдаад “Хэрэв өмнө нь яригдсанчлан бүх зүйл өрнөвөл тэд гурав уулзах боломжтой болно” гэжээ.
Ушаков энэ мэдэгдлийг Киргизийн нийслэл Бишкек хотоос хийсэн бөгөөд Путин, Ши Жиньпин нар тэнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцсон юм.
ОХУ, БНХАУ болон АНУ нь APEC-ийн 21 гишүүний тоонд багтдаг.
APEC-ийн удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын Шэньжэнь хотод арваннэгдүгээр сарын 18-19-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Одоогоор Ерөнхийлөгч Трамп APEC-ийн уулзалтад оролцох эсэх талаар бидэнд зарлах мэдээлэл байхгүй” гэж мэдэгдсэн байна.