
Сурагчийн дүрэмтээр гоёсон багачууд энд тэндгүй холхиж, зуны турш эл хуль байсан их сургуулийн гудамж олны хөлд дарагджээ. Биесээ санасан бас багахан бишүүрэхсэн үе тэнгийнхэн нэг дор цугларч, сурагчид шуугилдах чимээ хаа сайгүй цангина. Цэцэг барьж, үрсээ хөтөлсөн ээж, аавууд сургууль, цэцэрлэгийн орчимд хөлхөх нь ч энэ өдрийн “тод өнгө, гол чимэг”. Ийнхүү зугаатай зун шувтарч, өрнүүн намар эхэлснийг гэрчлэн хичээлийн шинэ жил эхэллээ.
Энэ хичээлийн жилд боловсролын бүх шатны 2450 гаруй байгууллагад 1 сая 29 мянга орчим хүүхэд, залуус суралцахаар байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь энэ салбараас өгөөж хүртэж, өөрийгөө бэлтгэж, ирээдүйгээ бэхэлж байна. Хэр хэмжээний чухал салбар, амин талбар болохыг нь дээрх тоо бэлхнээ гэрчилнэ. Энэ салбарт “хамаарах” иргэдийн тоо цаашид улам нэмэгдэнэ. ЕБС-д суралцах хүүхдийн тоо гэхэд, 2025 оны байдлаар 797 мянга 830 мянга болж, өнгөрсөн жилийнхээс 30 гаруй мянгаар нэмэгдэхээр байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд элсэлт, төгсөлтийн зөрүүний улмаас ЕБС-д суралцах хүүхдийн тоо улсын хэмжээнд жил бүр 20-30 мянган хүүхэд нэмэгдсээр байгаа аж.
Гэвч эх орны ирээдүйг бэлтгэн, зэхэж буй боловсролын салбар өнөө жил гавьсан бэлтгэлгүй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Ачаалал их тул мэдээж асуудал их. Гэхдээ шийдвэрлэж, эцэслэж, үйл ажиллагааг хэвийн авч явах үүрэг хийгээд эрх нь салбар яаманд бий. Гэтэл шинэ хичээлийн жилээ багш нарын цалин нэмэх эсэх маргаантай, багш нар ажил хаялт зарлаж мэдэх эрсдэлтэй, хэд, хэдэн сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, ор, дэр, тоног төхөөрөмж зэрэг тохижилт шийдээгүй, гурван сургуулийн дээврийн засвар, нэг сургуулийн их засвар хийгдэж дуусаагүй гээд түмэн бэрхшээлтэй эхлүүлж байна. Түүгээр ч зогсохгүй, шинэ хичээлийн жилийн бодлого, төлөвлөгөөг хэлэлцэж эцэслэсэн байх учиртай мөчид салбарын сайд нь сургуулийн дэргэдэх CU түрээсэлж буй барилгыг нэмж түрээслэн, хүүхдүүдийг хичээллүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэх агуулгатай мэдээлэл хийж байна.
Багш нарын эсэргүүцэл ба төрийн эсрэгцэл
Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, шаардлага биелэлээ олоогүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ олон нийтэд наймдугаар сарын дунд үеэр мэдээлсэн. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн үндсэн цалинг нэмэхгүй бол ажил хаялтад шилжихээс өөр аргагүй. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалын өртэй, эрүүл мэндийн зардал шийдэгдээгүй байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад энэ асуудлыг шийдэхгүй бол багш нар гудамжинд гарч, ажлаа хаяна” гэсэн юм.
Багш нарын “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” гэх эсэргүүцлийг Боловсролын сайд зүй ёсных гэж үзсэн. Тэрээр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байгаа аж.
Тэрээр энэ талаар “Багш нарын тавьж байгаа шаардлагыг зүйтэй гэж харж байгаа. Учир нь төрийн үйлчилгээний албаны хамгийн бага үндсэн цалинтай нь багш нар. Тиймээс багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай байгаа. Өнгөрсөн жил зургаан хувиар нэмсэн ч энэ хангалтгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс ажлын хэсэг байгуулсан. Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам болон Үйлдвэрчний эвлэл оролцсон. Бид энэ жилийн төсвийн хэмнэгдсэн хэсгээс багшийн цалинг өсгөх бодлого барина. Өөр эх үүсвэр бий болгох үүргийг Ерөний сайд өгсөн. Ерөнхий сайд гурван жилийн хугацаанд багшийн цалинг тогтвортой өсгөх төлөвлөгөө гаргаж, эх үүсвэртэй нь танилцуулах даалгавар мөн өгсөн” гэсэн юм.
Ажлын хэсэг багшийн цалинг хэрхэн өсгөхөөр шийдвэрлэсэн болохоо танилцуулах сүүлийн хугацаа өнөөдөр. Наймдугаар сарын 30-ны дотор шийдвэрийг олон нийтэд зарлана гэж салбарын сайд мэдээлж байсан юм.
Гэвч багш нарын цалинг тэдий хугацаанд тийм байдлаар нэмнэ гэсэн тодорхой шийдвэр амласан хугацаандаа гаргаж дөнгөсөнгүй. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна. Засгийн газар “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” хэрэгжүүлнэ” гэх ерөнхий шийдвэр гаргасан юм. Хэзээ, хэрхэн, хэдээр нэмэх вэ гэх асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна.
Тоо сөхвөл, Боловсролын салбарт энэ хичээлийн жил 55 мянга гаруй багш хичээж зааж, 57 мянган ажилтан, албан хаагч хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар байна.
Дэлхийн жишгээс дэндүү алсарлаа
Хичээлийн шинэ жил эхэлж байхад сургуулийнх нь засвар тохижилт дуусаагүй, хичээлээ хийх сандал ширээ нь бэлэн биш, хүүхдүүдээ унтуулах ор, дэвсгэр, ундлах гал тогооны хэрэгсэл нь бэлэн биш сургууль, цэцэрлэг цөөнгүй байна. Учир нь эхний хагас жилдээ багтааж тендэрээ зарлаж, бараа бүтээгдэхүүнээ худалдаж аваагүйн улмаас санхүүжилт буцаагдсан гэх агуулгатай тайлбарыг холбогдох албан хаагчид мэдээлж байсан юм. Ийн хичээлийн шинэ жил эхлэхээс 10 хүрэхгүй хоногийн өмнө бэлэн биш нөхцөлд байгаагаа салбарынхан сануулж эхэлсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс чиг үүргийнхээ хүрээнд ажлуудыг гүйцэтгэв. Сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 108 тэрбум төгрөг, 22 байршилд газар чөлөөлтөд 70 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд 198 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн их засварт 20 тэрбум төгрөг, сургуулийн уурын зуух болон нэмэлт шугам, сүлжээний засварт Засаг даргын нөөцөөс 6.2 тэрбум төгрөгийг шийдсэн. Ийнхүү боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гарган шийдвэрлэсэн байна.
Уг нь жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээл сургууль цуглардаг. Гэтэл манайд наймдугаар сард бэлтгэл бүрэн хангагдаагүй, төсөв, санхүүжилт шийдэгдээгүй хэвээр байдаг.
Дэлхий нийт боловсролын салбарыг нэн чухалчилж, систем, хөтөлбөрөөрөө өрсөлдөж, олон улсад үнэлэгдэх боловсролтой иргэдийг бэлтгэхээр мэрийж байна. Гэтэл манайх сурагчид суугаад хичээллэх сандал, цэцэрлэгийн хүүхдийн унтаж амрах ор, дэр, хоолыг нь зэхэх хэрэгсэл зэргийг ч базааж дөнгөхгүй байна. Дээрээс багш нарын цалингийн асуудал жил бүхэн сөхөгддөг. Цаана нь чанарыг асуудал орхигдсоор байна. Мөн нэг ангид 50-70 хүүхэд суралцаж, 2-3 ээлжээр хичээллэж байна. Ийм орчин, тийм нөхцөлд хүүхдүүдэд чанартай боловсрол олгоно гэдэг амаргүй. Тоо сөхвөл, Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан байна. Үүний 70 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөг нь багш нарын цалинд зарцуулагддаг аж. Тэгэхээр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжил, боловсролын салбарын хөтөлбөр, чанар зэрэг зарцуулах санхүүжил ч хүрэлцдэггүй гэсэн үг.