
ОХУ-ын баруун өмнөд Сибирийн Кемерово мужид Ан-12 загварын цэргийн тээврийн онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан 19 хүн бүгд амиа алдсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлснийг хэвлэлүүд уламжилжээ.
Ослын шалтгааныг техникийн гэмтэл гэж таамаглаж буйг Батлан хамгаалах яамны мэдээллээс эш татан төрийн мэдлийн РИА агентлаг мэдээлэв.
Онгоц хүн амьдардаггүй бүсэд унасан талаар Кемерово мужийн захирагч Илья Середюк “Телеграм” сувагт нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ. Түүний хэлснээр, ослын газарт ажиллаж буй аврах багийнхны гол үүрэг нь ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаанд туслах аж.