
Өнгөрсөн бямба гарагийн орон нутгийн цагаар 22:30 цагийн дараахан цагдаагийн алба хаагчдыг Английн Хэмпшир мужийн Ийстли хотын ойролцоох Чандлерс-Форд суурингийн Парк-роуд гудамжинд дууджээ.
Хутгалуулж гэмтсэн 16 настай гурав, 17 настай хоёр хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна.
Хэмпширийн цагдаагийн газрын мэдээлснээр, үл таних хэсэг бүлэг хүн Парк-роуд гудамжинд байрлах нэгэн хаягт зохион байгуулагдсан үдэшлэгт нэвтэрсний дараа хутгалсан хэрэг гарсан гэж үзэж байгаа аж. Цагдаагийн байгууллага гэрчүүд болон хэргийн талаар мэдээлэлтэй хүмүүсийг холбогдож, мэдээлэл өгөхийг уриалжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй ахлах мөрдөгч, байцаагч Элизабет Пири орон нутгийн оршин суугчдад уг хэрэг хэрхэн нөлөөлж байгааг ойлгож байгаагаа илэрхийлээд, иргэдийг тэвчээртэй хандаж байгаад талархал илэрхийлжээ.
Өмнө нь нэгэн гэрч BBC-д ярилцлага өгөхдөө түргэн тусламжийн хэд хэдэн автомашин болон эмнэлгийн нисдэг тэрэг хэргийн газарт ирсэн гэж мэдээлсэн байна.
Өөр нэг гэрчийн хэлснээр, тэрээр хэрэг гарсан байшингаас нэг хүн гүйн гарч ирэхийг харжээ. Тэр хүн өөрийгөө хутгалуулсан, хоёр хүн араас нь хөөж байгаа тухай хашхирч байсан аж.
Ийстли тойргоос сонгогдсон парламентын гишүүн Лиз Жарвис ням гарагт X сүлжээнд "Өнгөрсөн шөнө Чандлерс-Фордод болсон хэрэгт өртсөн хохирогчид, тэдний гэр бүл болон энэ явдлын улмаас хохирсон бүх хүний төлөө сэтгэл зовниж байна. Шуурхай арга хэмжээ авсан орон нутгийн цагдаа, онцгой байдлын алба хаагчдад талархал илэрхийлье” хэмээн нийтэлжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.