
Нью-Йоркт уулзаж буй АНУ, Ираны хэлэлцээний төлөөлөгчид дайнаас гарах үе шаттай хувилбаруудыг судалж байна. Үүнийхээ хүрээнд Техран Ормузын хоолойг дахин нээж, Вашингтон Ираны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн бүслэлтээ цуцлах асуудлыг хэлэлцэж байгаа талаар хэлэлцээнд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Ормузын хоолой нь бараг долоон сар үргэлжилж буй АНУ-Ираны мөргөлдөөнийг зогсоох хүчин чармайлтын гол тохиролцооны хэрэгсэл болсон. Иран эдийн засгийг нь боомилж буй АНУ-ын бүслэлтээс гарахыг хүсэж байгаа бол Вашингтон дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал зам болсон, одоо Техраны зүгээс хаагаад буй уг хоолойгоор хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих боломжийг сэргээхийг хүсэж байна.
Хоёр тал аль, аль нь өөрсдийн давуу байдлаа хамгийн түрүүлж алдахыг хүсэхгүй байгаа нь хэлэлцээнд томоохон саад болж байна гэж Ираны хоёр эх сурвалж, бүс нутгийн хоёр албан тушаалтан болон барууны дипломат албаны хоёр эх сурвалж Reuters агентлагт мэдээлжээ.
Ираны өндөр албан тушаалтан гацаанаас гарах хамгийн боломжтой арга нь үе шаттай тохиролцоо байж болох ч Иран Ормузын хоолойгоор хөлөг онгоц зорчихыг зөвшөөрсний хариуд АНУ эдийн засгийн бүслэлтээ цуцалж, Тегеран царцаагдсан хөрөнгүүддээ нэвтрэх боломж олж авах хувилбар байж болохыг хэлжээ.
“Хямралыг үе шаттайгаар шийдвэрлэх нь нэг гарц байж болно. Эхний алхам нь бүслэлтийг зогсоож, Ормузыг дахин нээх явдал” гэж тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хэлсэн аж.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг долоодугаар сард өмнөх ойлголцол нуран унасны дараа дахин түр зуурын шийдлийг хүлээн зөвшөөрөхөд хүргэнэ. Тиймээс хэлэлцээ хийж буй талуудын өмнө зөвхөн тохиролцооны агуулгыг боловсруулах бус, мөн хоёр тал харилцан итгэж болохуйц, хийсэн буултууд нь хангалттай удаан хугацаанд хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх томоохон сорилт тулгарч байна гэж эх сурвалжууд хэлжээ.
Трамп Конгрессын арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулийн дараа АНУ, Иран тохиролцоонд хүрч магадгүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Европын өндөр албан тушаалтан иранчууд “шаардлагын маш урт жагсаалттай” гэж мэдэгджээ.
Цагаан ордны албан тушаалтан “Иран хэлэлцээр хийхийг маш их хүсэж байгаа ч Ерөнхийлөгч Трамп бүх хөзрийг гартаа атгаж байгаа учир АНУ-ын хувьд хамгийн зөв гэж үзсэн шийдвэрээ гаргана” гэж хэлсэн байна.