
Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний бүтээл “Монголын товч түүх” номын анхны эхийг шинэчлэн хэвлэжээ.
Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амар үндэсний түүх бичлэгийн сонгодог жишээ болсон энэхүү бүтээлдээ нэн эртнээс XIII зууны эхэн буюу Чингис хааны үеийг хураангуйлан өгүүлжээ. Уг бүтээлд Монголын эртний түүхээс Чингис хааны үе хүртэлх явцыг товч, ойлгомжтой, үндэсний үзэлтэйгээр өгүүлсэн нь ард түмний түүхэн ухамсрыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Зохиогч энэхүү бүтээлээ шинжилгээ судалгааны бус, уншигчдад түүхийн мэдлэг олгоход зориулсан хялбаршуулсан зохиол хэмээн үзсэн бол түүхчид тус бүтээл нь Монголын түүх судлалд шинэ алхам хийсэн гэж үздэг байна. Одоогоос 90 гаруй жилийн тэртээ худам монгол бичгээр 5000 хувь хэвлэгдсэн А.Амарын “Монголын товч түүх” /тэргүүн дэвтэр/ бүтээлийн анхны хэвлэл эдүгээ олдохуйяа нэн ховор болжээ. Иймд 1934 оны анхны хэвлэлийн эхийг уг хэмжээгээр нь гэрэл зураг болон кирилл үсгийн хөрвүүлгийг хамтатган энэхүү бүтээлийг гаргажээ.
Доктор (Ph.D) Ц.Амартөгс
Энэ ном судалгаанд зориулсан бүтээл биш. Монголын ард түмэнд зориулсан энгийн найруулгатай түүхийн эх сурвалжууд бий. Эрт дээр үеэс Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүтээсэн түүх бичсэн байгаа. Энэ номыг хүн бүр уншихад ойлгомжтой. Монгол хүн гэж хэн бэ, монгол хүний үнэ цэнэ гэдгийг илүү сайн ойлгох учиртай.
Агданбуугийн Амар нь XX зууны эхэн үеийн Монголын төр, нийгэм, соёл, оюуны амьдралд онцгой ул мөр үлдээсэн нэрт төрийн зүтгэлтэн. Монгол Улсын түүхэнд 32 Ерөнхий сайд бичигдсэнээс 1936-1939 онд 7 дахь болон 10 дахь Ерөнхий сайдаар А.Амар ажиллахдаа соён гэгээрүүлэх бодлого, үндэсний түүх, хэл бичгийг хамгаалах асуудлыг чухалчилж, төр ёс суртахуунд тулгуурлах ёстой гэсэн байр суурийг баримталж байлаа. Түүний оюуны өвийн үнэт өвийн нэг бол 1934 онд худам монгол бичгээр туурвисан “Монголын товч түүх” зохиол юм.
Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун
Монголын түүхийг бичсэн хоёр Ерөнхий сайд байдаг. Түүний нэг нь А.Амар. Нөгөө нь Х.Чойбалсан юм. Энэ хоёрт нэг ижил зүйл байдаг. Түүхээ мэднэ гэдэг бол тусгаар тогтнолын үнэ цэнийг нэхэж чадна гэдгийг энэ хоёр хүн ойлгожээ. Бид нар түүхээ мэдэх нь нэн чухал. А.Амар гуай цагийн салхинд хувирдаггүй тийм хүн байсан шүү гэдгийг эндээс тодотгож хэлмээр байна.
А.Амар нь Монголын ёс зүйт төрийн бэлгэ тэмдэг, үндэсний түүх, соёлын хамгаалагч, сэхээтний үлгэр дууриалал болох түүхэн хүмүүсийн нэг билээ. Иймээс түүний амьдрал, үйл хэрэг, үзэл санааг хойч үед таниулан сурталчлахад энэхүү шинээр хэвлэгдсэн гарсан “Монголын товч түүх” 1934 оны анхны хэвлэлийн эх, кирилл хөрвүүлэг бүтээл тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгааг номыг эрхлэн гаргагчид онцоллоо.
1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үед Агданбуугийн Амар хилс хэрэгт холбогдон 1939 онд амь насаа алдсан ч хожим 1962 онд цагаатгасан юм.
