
Нигерийн зүүн хойд хэсгийн алслагдсан тосгонд зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас амиа алдсан хүний тоо 62-т хүрснийг тус улсын Үндэсний онцгой байдлын удирдлагын агентлаг баталжээ.
Халдлага болсон Тараба муж дахь тус агентлагийн тэргүүн Ладан Аюба мягмар гарагт мэдээлэхдээ, уг халдлагын улмаас олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэсэн гэж мэдэгдсэн байна.
Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагын Нигери дэх салбарын мэдээлснээр, зэвсэгт дээрэмчид баасан гарагт Тараба мужийн Биннари тосгонд халдаж, орон сууц, дэлгүүр, хүнсний нөөц болон мотоциклуудыг шатаажээ. Цагдаагийн байгууллага амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Тараба мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Виктор Мшелиза AP агентлагт хэлэхдээ, “Бид одоо ч газар дээр нь ажиллаж байна. Цогцос олдох бүрд бид бүртгэлдээ нэмнэ” гэжээ.
Эмнести Интернэшнл байгууллагын Нигери дэх салбар мэдэгдэлдээ, эрх баригчдын зүгээс энгийн иргэдийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилсэн байна.
“Энэ халдлагыг хараат бусаар мөрдөн шалгаж, амьд үлдсэн хүмүүст зохих нөхөн төлбөр олгох ёстой. Эрх баригчдын хувьд ийм аймшигт халдлагыг буруушаасан ерөнхий мэдэгдэл гаргах нь хангалтгүй” гэдгийг онцлов.
Нигерийн олон зэвсэгт бүлэглэл хууль бус уул уурхайн олборлолтын талбайг хянадаг. Эдгээр үйл ажиллагаанаас олсон ашиг нь тэдэнд илүү их зэвсэг худалдан авч, шинэ гишүүд элсүүлэх боломж олгосноор хүч нөлөөгөө нэмэгдүүлэхэд хүргэжээ.
Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн (ISS) мэдээлснээр, энэ нөхцөл байдал нь Нигери болон Сахелийн өргөн уудам бүс нутагт зэвсгийн хууль бус наймаа, хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлсөн байна.