
Оливия Родриго, Кэти Перри, Ноа Кахан, Сабрина Карпентер нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж ирсэн. Харин Цагаан ордон болон Трампын баг уран бүтээлчдийн дууг ашиглахтай холбоотой асуудалд ил тод байр суурь илэрхийлдэггүй.
Сүүлийн өдрүүдэд Тэйлор Свифтийн дуунууд Цагаан ордон болон “Team Trump” кампанит ажлын TikTok хаягуудын зарим бичлэгээс чимээгүйхэн алга болжээ. Харин өөрийн нэр, уран бүтээлийн ашиглалтад ихээхэн анхаардаг Тэйлор Свифт энэ талаар олон нийтэд шүүмжлэлтэй мэдэгдэл хийх, хариу барих, тайлбар өгөхөөс зайлсхийжээ.
Нэгэн бичлэгт Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Свифтийн “August” дууны ая дор ёслолын буудлага үзэж буйг харуулсан байжээ. Харин дараа нь уг дууг “Би Трампт хайртай, Би Трампт хайртай, Америкийг дахин агуу болгоё” гэсэн үгтэй, кантри хөгжмийн өнгө аястай дуугаар сольсон байна.
Трампын дүрс бичлэг дээр Свифтийн “Father Figure” дууны үгийг ашигласан өөр нэг бичлэгийн дуу мөн алга болж “This sound isn’t available” буюу “Энэ дууг ашиглах боломжгүй” гэсэн мэдэгдэл гарах болжээ.
Үүний цаана хуулийн арга хэмжээ авах заналхийлэл байсан эсэх, эсвэл Тэйлор Свифтийн баг Цагаан ордонд дургүйцлээ илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Тэйлор Свифт улс төрийн идэвх, сонгуулийн дэмжлэгийн асуудалд өмнө нь ч нэлээд тооцоотой хандаж ирсэн нь улс төрийн байр суурь илэрхийлэх нь асар олон шүтэн бишрэгчдийнх нь дургүйцүүлж болзошгүйг гэж үздэгтэй нь шууд холбоотой
Харин бусад уран бүтээлчид илүү ил тод байр суурь баримталдаг.
Кэти Перригийн “Firework” дууг цэргийн цохилтын нууцын зэрэглэлээс гаргасан дүрсүүдийн хамт найман секундын TikTok бичлэгт ашигласан байна. Дууны “boom, boom, boom” хэсэг цохилтын дүрстэй зэрэгцэн явжээ. Үүний дараа Перри дууг нь ашигласанд “гүнээ цочирдсон” гэж мэдэгдээд, энэ нь “миний дууны илэрхийлдэг бүх зүйлтэй зөрчилдөж байна” гэжээ. Түүний эсэргүүцсэн мэдэгдлийн дараа Трампын баг уг дууг бичлэгээс хассан байна.
Ноа Каханы “American Cars” дууг Мичиган дахь General Motors-ын үйлдвэрт Трампын дүрсүүдтэй хамт ашиглахад тэрээр мөн эсэргүүцлээ илэрхийлжээ. “Миний хөгжмийг танд эсвэл танай засаг захиргааг дэмжихэд ашиглахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж тэрээр тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт ийнхүү бичсний дараа нь уг бичлэгийн дууг мөн устгасан байна.
Сабрина Карпентерийн “Juno” дууг хууль сахиулах байгууллагын ажилтнууд цагаачлалын ажиллагааны үеэр хүмүүсийг баривчилж буйг харуулсан Цагаан ордны бичлэгт ашигласны дараа Карпентер үүнийг “муухай, жигшүүртэй” үйлдэл гэж нэрлэжээ. Дараа нь уг бичлэгийг X-ээс устгасан юм.
Үүнтэй төстэй байдлаар Дотоодын аюулгүй байдлын яам Оливия Родригогийн “All-American Bitch” дууг ашигласан бичлэг нийтэлсэн боловч Instagram дээрх дууг идэвхгүй болгожээ. Харин X дээр бичлэг нь хэвээр үлджээ. Родриго дууг нь ашигласныг шүүмжилж, өөрийн уран бүтээлийг “арьс өнгөөр ялгаварласан, үзэн ядалтыг өдөөсөн суртал ухуулгыг сурталчлахад” дахин ашиглахгүй байхыг шаардсан юм.
Трампын баг зөвшөөрөлгүйгээр хөгжим ашигласантай холбоотой шүүмжлэлд өртсөн тохиолдол цөөн биш. Өмнө нь Бейонсе, Брюс Спрингстин, ABBA зэрэг уран бүтээлчид Трампын кампанит ажил олон нийтийн сүлжээ болон улс төрийн цуглаан дээр тэдний хөгжмийг зөвшөөрөлгүй ашигласанд эсэргүүцлээ илэрхийлцгээж байв.
Улс төрийн цуглаан зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээ, эсвэл албан ёсны сошиал медиа хаягт дуу хөгжим ашиглахын тулд ерөнхийдөө зохих лиценз шаардлагатай байдаг.
Гэвч дүрэм журмын хязгаарыг зориудаар шалгаж байгаа нь Ерөнхийлөгчийн сошиал медиа багийн өргөн хүрээний стратегийн нэг хэсэг байх гэж үзэх нь бий. Тус баг бүр өөрсдийн хийж буй зүйлдээ тоглоом шоглоомын өнгө аяс оруулдаг бололтой. Тухайлбал, нэг бичлэгийн тайлбарт Свифтийн нэрийг шууд тэмдэглээд:
“@Taylor Swift бид түүний дууг ашигласанд маш их баяртай байх нь гарцаагүй! #taylorswift #maga #august” хэмээн бичсэн байна.
Хөгжим ашигласан сошиал медиа бичлэгүүд илүү их хандалт, тухайлбал лайк, сэтгэгдэл, хуваалцалт, дагагч “авчирдаг”. Идэвхтэй, өргөн хүрээний фэнүүдтэй уран бүтээлчдийн дууг ашиглах нь ийм хандалтыг улам нэмэгдүүлэх магадлалтай.
Трампын засаг захиргаа Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд сошиал медиад хандах арга барилаа өөрчилсөн. Тэд Цагаан ордон өмнөх засаг захиргаануудаас, тэр дундаа Трампын анхны бүрэн эрхийн үеэс ялгаатайгаар, ардчилсан намынхныг шоглон маргах, улс төрийн хязгаарыг нь туршсан өнгө аястай хаягуудыг ажиллуулж эхэлжээ.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан өмнө нь CNN-д мэдээлэхдээ олон нийтийн сүлжээнд ямар нэг нийтлэл нийтлэхээс өмнө дамжих шат дамжлага, зөвшөөрлийн процесс цөөрсөн гэж хэлсэн байна. Энэ нь шүүмжлэл дагуулсан ч сошиал медиа багийг илүү шуурхай ажиллах боломжтой болгожээ.
Түүний хэлснээр Цагаан ордны хаягуудын контент нь “хүмүүсийн өдөр тутам үзэж дассан зүйлтэй төстэй боловч төрөөс гарч байгаа учраас шинэ мэдрэмж төрүүлдэг” гэнэ.
Мөн төрийн байгууллагууд олон нийтэд хүрэхийн тулд хүмүүсийн байгаа орчинд очиж, аль болох олон платформ ашиглан, тэдний ойлгох хэлээр харилцах үүрэгтэй гэж уг албан тушаалтан хэлжээ.
Цагаан ордон Свифтийн хөгжмийг бичлэгүүдээс хассан асуудал болон хуулийн арга хэмжээ авах боломжийн талаар хуулийн зөвлөхийн албанд ямар нэгэн асуудал байгаа эсэх талаар CNN-ийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Харин Свифт энэ асуудлыг одоогоор олон нийтийн өмнө ил тод зөрчилдөөн болгон хувиргахыг хүсэхгүй байгаа бололтой.
Түүний хөгжмийг илүү чимээгүй байдлаар бичлэгүүдээс хассан цорын ганц томоохон уран бүтээлч нь Свифт биш юм.
Трамп Свифттэй олон жилийн турш ээдрээтэй харилцаатай явж ирсэн бөгөөд энэ асуудлыг амархан орхиж чадаагүй бололтой.
Өнгөрсөн сард тэр TikTok дахь өөрийн нэр хүндийг Свифтийнхтэй харьцуулж, өөрийгөө платформ дээр нэгдүгээрт, харин Свифтийг 11-дүгээрт бичигддэг гэж мэдэгдсэн. Гэвч Трампын дагагчдын тоо Свифтийнхээс ойролцоогоор хоёр дахин бага.
Трамп Свифтийн “фэн биш” гэдгээ удаа дараа хэлж байсан ч өнгөрсөн сард Засгийн газрын хуралдааны үеэр Свифт, Трэвис Келси нарыг сүй тавьсанд баяр хүргэж, Свифтийг “гайхалтай хүн” хэмээн нэрлэжээ.
Харин Свифт 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Камала Харрисыг дэмжиж буйгаа зарлахад Трамп бүх үсгийг томоор бичин “БИ ТЭЙЛОР СВИФТИЙГ ҮЗЭН ЯДДАГ!” хэмээн хариулж байсан юм.
Гэсэн ч тэргүүн хатагтай Меланиа Трампын олон жилийн өмнөх Фэйсбүүк нийтлэлээс харахад Ерөнхийлөгч өөрөө ч Свифтийн хөгжмөөс татгалзаж чаддаггүй байх магадлалтай. Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, TikTok бий болохоос ч өмнө Дональд Трамп хүү Барронтойгоо хамт автомашинд явж байхдаа Свифтийн “Blank Space” дуу чангаар сонсож байсан бичлэг бий.