
Норвегийн Хөлбөмбөгийн Холбоо (NFF) хөгжөөн дэмжигчдийнхээ дундах өмсгөлийн эрэлтийг хэтэрхий дутуу үнэлснээ хүлээн зөвшөөрлөө. Гуравдугаар сард худалдаанд гарсан тус улсын шигшээ багийн өмсгөл Nike болон бусад албан ёсны дэлгүүрүүдээр зарагдаж дуусжээ.
Норвегийн шигшээ баг ДАШТ-д Бразилын хүчирхэг багийг хожсоны дараа Эрлин Хааланд зэрэг супер од тоглогчдынх нь нэр хүнд улам өсөж, шинээр ирсэн өмсгөлүүд дэлгүүрийн лангуун дээр гарсан даруйдаа хэдхэн минутын дотор дуусаж байна. Хөгжөөн дэмжигчид өмсгөл худалдаж авах дараалалд орохын тулд дэлгүүрийн гадна хонож байгаа юм.
Осло хотын Torshov Sport дэлгүүрт шигшээ багийн өмсгөлийн шинэ багц ирсэн сургаар лхагва гаргийн худалдаа эхлэхээс өмнө асар урт дараалал үүсжээ. Орон нутгийн сэтгүүлчдийн тооцоолсноор дараалал нь хэд хэдэн гудамж дамнан, 600 орчим метр урт үргэлжилсэн байна. Зарим үнэнч хөгжөөн дэмжигчид дараалалд 12 цаг зогсохын тулд гэрээсээ сандал авчирчээ.
Дэлгүүрийн менежер Андерс Лиллеберг Норвегийн "VG" хэвлэлд ярихдаа хүмүүсийн уур амьсгал үнэхээр гайхалтай байсныг онцоллоо.
"Би энд олон жил ажиллаж байна, гэхдээ одооных шиг ийм халуун дулаан, солиотой уур амьсгалтай хэзээ ч тулгарч байсангүй. Энэ бол үнэхээр галзуу байна" гэж тэрбээр хэлэв.
1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцож буй Норвегийн хөгжөөн дэмжигчид шигшээ багаа "Гурван арслан" (Английн шигшээ баг)-тай хийх хасагдах шатны чухал тоглолтын өмнө ийнхүү идэвхтэй дэмжиж байна.