
Бүх юмс хоорондоо уусан сүлэлджээ. Хөгжмийн нүргээн, гэрэл сүүдэр, хар цагаан, улангасал гэмшил, инээд нулимс, хайр үхэл, үнэн худал, өш хонзон тайтгарал, харанхуй хийгээд гэгээ...
Хөшиг нээгдэхэд хөгжмийн хахир нүргээнээр хөөрхий Гуинпленийг хэрхэн томчууд зэрэмдэглэж, тасчиж байгааг ганцхан сандал, хэсэг бусаг хэвтэс манекен эд эрхтэн, тэдгээрийг удирдаж буй ганц дүрийн үйл хөдлөлөөр үзүүлээд л орхичихно. Үнэндээ жүжиг хөшиг нээгдэхээс өмнө эхэлсэн агаад мөнөөх түүх хүүрнэх намуухан хоолойг цаг үе, хахир хатуугийн бүтээсэн бараан дурсамж, үйл явдал ийнхүү тасар татаж орхив.
Энэ бол “Про” театрын найруулагч Б.Даваасүрэнгийн тайзнаа найруулан тавьсан, Францын сод зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг.
Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романы гол дүр болох Гуинплен хэмээх хүү багадаа харгис хүмүүсийн гарт орж, зэрэмдэглүүлсэн агаад төрх нь насан туршаа инээмсэглэж байгаа хүний баг өмссөн мэт болдог. Тэрээр амьдралын хахир хатууд өлөн зэлмүүн торниж, үзэсгэлэнтэй хэдий ч сохор Дея хэмээх охин болон түүнийг асран хамгаалагч Урсус нартай учирснаар анх удаа гэр бүл, хайр энэрлийг үнэ цэнийг ухамсралдаг. Эл ухамсар түүнийг ямагт хүн байлгаж, тэр л чанар нь сэтгэм шимширмээр өгүүлэмж рүү уншигчдыг хөтөлнө. Хүн байна гэдэг асар их шаналал, гуниг тээж явах төөрөг. Их, бага хэмжээний талаар эс хөндөгдөх аваас цөм ялгаагүй. Гуинплен харин үүний бодит жишээ. Хожим түүний гарал үүсэл ил болж, язгууртны нийгэмд хөл тавих боломж үүдэх ч энэ бүхэн түүний аж төрөхүйд аз жаргалыг цогцлоох уу? Энэ л зохиолын гол зөрчил.
Ерөөс хүний дотоод зөрчлийг тайзны хэлээр илэрхийлэхэд тун ярвигтай. Мөнхүү дээрх бүгдийг визуал драм буюу тэр дундаа монолог, дүрүүдийн харилцаанаас илүүтэйгээр дүрслэл, өнгө, гэрэл сүүдрийн сүлэлдээнээр цогцлооход бэрх. Учир нь театрын дүрүүд амьд, тэдний дуу хоолой, дотоод зөрчил, сэтгэл зүйн хувирал, үйл хөдлөл нь үзэгчдийн тухайн мөчид оршин буй бодит орон зайд илэрдэг. Харин “Инээмтгий хүн” жүжгийн хувьд Гуинплений хувь тавиланг алив бүхний хоршлоор, тун чадварлаг үзүүлжээ. Жүжгийн уур амьсгал ерөнхийдөө хар бараан метафор, эмгэнэлт хоншиглолын дундаас үүдсэн ч найруулагч үйл явдлыг үргэлжийн хөдөлгөөнд оршоож, дүрслэлийн элементэй сайтар хослуулав.
Гэрэл сүүдрийн сүлэлдээн жүжгийн дүрслэлийн гол шугамыг өрж, Гуинплений дотоод ертөнц болоод бусадтай харилцах эсрэгцлийг улам тодотгоно. Тайзны харанхуйгаас тодрох гэрэл, дүрүүдийн нүүр царай, хөдөлгөөн, үйлдэл бүрийг онцлон гаргахын зэрэгцээ тэдний далд мэдрэмжийг ч урлаж байх шиг санагдана. Мөнхүү Гуинплен, Дея хоёрын насанд хүрэх үйл явцыг сүүдэр шигээр зохиомжлон үзүүлсэн нь туйлын оносон, найруулагчийн уран нүүдлүүдийн нэг байв.
Үүнээс гадна Гуинплений инээмсэглэсэн төрх гэрэлд тодрох тусам түүний дотор нуугдах гуниг, шаналал улам гүнзгий мэдрэгдэнэ. Түүний инээмсэглэлийг цаг үргэлж үзэвч дотоодод нь бараан сүүдэр жин дарж байгааг жүжигчин Б.Билгүүн ч үйл хөдлөлөөр чадварлаг урлажээ. Нэг талаар тус дүр үзэгчдийн нүдэнд ил харагдах авч дотоод дахь зөрчил, жинхэн “би”-гээ бусдын харцнаас нуугдмал байдлаар илэрхийлж чаджээ. Эл бүгд тус жүжгийн туршид бие даасан тоглолт мэт мэдрэмжийг төрүүлэх гэрлийн сүлэлдээнтэй холбоотой. Ийнхүү визуал драм дахь гэрэл, сүүдрийн эсрэгцэл нь зөвхөн жүжгийн тайзны гоо зүйн шийдэл бус, зохиолын үзэл санааг тээгч, дүрслэлийн хэл болон хувирч байна.
Мөнхүү Гуинплений дүрд жүжгийн хамгийн эмгэнэлт зөрчил бүрэн шингэсэн. Түүний нүүрэнд мөнхөд тогтсон инээмсэглэл бусдын хувьд инээдэм, сониучирхал, заримынх нь хувьд хүсэл тачаалын объект боловч өөрийнх нь хувьд насан туршийн зовлонгийн тамга. Тэр бусдын доог тохууг тэвчиж, өөрийнхөө зовлонгоос илүү өрөөлийн амьдралыг бодож чаддаг нь дүрийнх нь хүнлэг чанарыг тодотгоно. Гэвч хэргэм зэрэг, эрх мэдэл, эд хөрөнгө түүнд ирэхэд ч дотоод хоосрол нь арилдаггүй. Учир нь Гуинпленд дутагдаж байсан зүйл нь нийгмийн байр суурь бус, хайртай хүмүүсийнхээ дэргэд байх энгийн аз жаргал байлаа. Түүний дүрээр дамжуулан хүний үнэ цэнийг нүүр царай, нэр төр, нийгмийн зиндаагаар хэмждэг нийгмийн хүйтэн хөндий мөн чанарыг найруулагч Б.Даваасүрэн тайзнаа ийнхүү амилуулав.
Харин Урсусын дүр жүжгийн бараан уур амьсгал дундах хүнлэг дулааныг илэрхийлнэ. Нэг ёсондоо гол дүртэй тайз дээр үргэлж л нэг шугамд зэрэгцэнэ. Хатуу үг, ширүүн ааштай тэрээр хорвоогийн харгислал, хүмүүсийн хоёр нүүр гаргах авирыг сайн мэднэ. Цасан шуурга дунд амь тэмцэж явсан Гуинплен, Дея хоёрыг гэртээ оруулж, өөрийн үр хүүхэд мэт өсгөсөн нь түүний хүн чанарын хамгийн том илэрхийлэл. Эл бүхэн мэдээж дүрсээр, мөнөөх л гэрэл сүүдрээр тодорно. Урсусын хайр энэрэл сүржин үг, уянгын илэрхийлэлд бус, өдөр тутмын үйлдэл, халамж, хамгаалалтад оршдог. Эл бүгдийг жүжигчин Ц.Төмөрхуяг биеийн хөдөлгөөн, үг яриагаар дамжин бие махбодиор илрэх хөдөлгөөн, нүүрний хувирлаар тун чадамгай илэрхийлжээ.
Тэгээд ч жүжигт Гуинплен, Урсус хоёрын үйл хөдөлгөөн бусдын сэтгэл хөдлөлийн чухал тулгуур болж байв. Нэг нь нийгмийн харгислалын золиос болж, нүүрэндээ инээмсэглэл тээсэн ч сэтгэлдээ хөндүүр тээсэн, нөгөө нь хорвоогийн хатууг таньсан атлаа өрөөлд энэрэл хайр түгээхийг эрхэмлэгч. Тиймээс Гуинплений инээмсэглэл хэчнээн өнө мөнх мэт харагдавч Урсусын дэргэд л сэтгэл нь жинхэнээсээ амар амгаланг мэдэрдэг болов уу гэж тааварлана.

Жүжгийн тайз бүхэлдээ хөдөлгөөнд орших бөгөөд зарим талаар дүр ч болно. Тайзнаа бүхэлд нь хэц татаж, хана дүүрэн хувцаснууд өлгөжээ. Дүрүүдийн орон зай, дурсамж, хувь заяа, оюун санааг хүртэл бүтээж болох шийдэл. Тэдгээрийг үзэгчдийн нүднээс далд буюу цаанаас нь хэн нэгэн углаж гарч ирээд л жүжгийн үйл явдалд оролчихно. Заримдаа тайзны шийдэл өөрөө нэгэн бие даасан, цогц бүхэллэг чанартай амьд дүр болно. Уг шийдэл нь дүр бүтэх үйл явцыг үзэгчдийн нүдэн дээр ил гаргаад тавьчихаж байгаа юм.
Хувцас бүр өөр өөрийн эзэн, түүх, байр суурьтай мэт бөгөөд нэг орон зайд олон хүний хувь заяа давхарлан оршиж буйг сануулна. Ийнхүү тайзны зураглал нь үйл явдлын арын дэвсгэр төдий бус, жүжгийн өгүүлэмжийг бие даан бүтээлцэх хэл болжээ. Нөгөөтэйгүүр зохиолын үйл явдал, дүрүүдийн хоорондын далд холбоог нэгэн цул дүрслэлд зангидахад тусалсан байна.
Деягийн дүр энэ бүх бараан орон зайд хайр энэрлийн хамгийн зөөлөн өнгө байдаг. Бусад хүн Гуинплений нүүрийг хараад цэрвэж, шоолж, гаднах төрхөөр нь дүгнэхэд Дея түүний дуу хоолой, сэтгэл, хайр халамжийг мэдэрдэг. Түүний хувьд Гуинплен бол эрэмдэг төрхтэй нэгэн бус, хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй хүн. Дея сохор учир бусдын харж чадааггүй зүйлийг олж үздэг нь зохиолын хамгийн егөөдөлтэй зөрчил билээ. Түүний харанхуй ертөнцийг Гуинплений хайр гэрэлтүүлдэг бол Гуинплений шархалсан сэтгэлийг Деягийн хайр амьд байлгадаг. Эл холбоогоор дамжуулан найруулагч жинхэнэ гоо үзэсгэлэн нүдэнд харагдах төрх бус, сэтгэлээр мэдрэгдэх үнэ цэн болохыг илэрхийлнэ. Гэхдээ нүүрэнд тусах гэрэл, жүжигдийн харц, сэтгэлийн хувирлын дагуу хэмнэл нь солигдох хөгжмийг эрс, тэрс хангинааныг ч мартсангүй.

Деягийн дүрийн эмзэг, намуухан оршихуй жүжгийн хахир хөгжим, хурц хөдөлгөөн, бараан дүрслэлтэй эсрэгцэж, үзэгчдэд амсхийх орон зай бий болгоно. Тэрээр бусдын адил Гуинплений нүүрэн дээрх инээмсэглэлийг харж чадахгүй ч түүний доторх гунигийг туйлын сайн мэдэрдэг. Хүнийг харах, хүнийг ойлгох хоёр тэс өөр зүйл болохыг Деягийн дүр ийнхүү бидэнд сануулж байна.
Жозианагийн дүр харин Деягийн дүрийн эсрэгцэл мөн. Түүнд гоо үзэсгэлэн, эд баялаг, эрх мэдэл, язгууртны нийгмийн бүхий л боломж бий ч эдгээрийн аль нь ч түүний дотоод хоосролыг нөхөж чаддаггүй. Гэхдээ уг жүжигт Жозианагийн дүрийг бусдын зовлонгоос таашаал авдаг төдийхнөөр бүтээсэнгүй. Тэр өөрөө ч бас харгис нийгмийн золиос. Эрх мэдэлтэн, ихэс дээдсүүдийн бүтээсэн эрэмдэг нийгэм уг дүрийн хувьд эрх чөлөөг олж авах хувьгүй ертөнц. Тийм боломжийг анхнаас нь түүнд олгоогүй учир Жозиана ч мөн хохирогчийн нэг. Иймээс Гуинплен түүнд ер бусын дүр төрхтэй учраас хориотой, сонирхол татам оршихуй мэтээр мэдрэгдэнэ.
Ийнхүү жүжигт тус хоёр эмэгтэй дүрийн ялгаагаар дамжуулан хайр, хүсэл тачаал, сониуч зангийн хоорондох нарийн заагийг тодруулж өгчээ.
Хомогийн дүр ч бас жүжигт чухал үүрэгтэй. Үнэндээ эл чоно хүний ертөнцөд оршдог олон дүрээс илүү үнэнч, дотно, хүнлэг чанартайгаар дүрслэгддэг. Хомо хүний хэлээр ярьж, эд хөрөнгө, хэргэм зэрэг, эрх мэдлийн тухай ойлголттой байх шаардлагагүй ч өөрийн гэр бүлийг хамгаалах зөн билэгтэй. Түүний үнэнч байдал, дэргэд нь байх Урсус, Гуинплен, Дея нарын жижигхэн ертөнцийн нэг хэсэг болдог. Харин хүн гэгч ухаант амьтан бусдын зовлонгоор зугаацаж, өөр нэгний хувь заяаг эрх мэдлийнхээ төлөө золиосолж чаддаг. Урлаг үзэгчдэд эргэлзээ төрүүлдэг байх учиртай. Сайн урлагийн цар хүрээг ямархан эргэлзээ төрүүлж, асуулт үлдээснээр хэмждэг. Тийм л эргэлзээ, асуултын заагийг Хомогийн дүрийг бусадтай нь харгалдуулснаар анзаарч, мэдрэх болно.
Дотроо шаналж, сэтгэлдээ гуниг тээсэн атал гаднаа инээмсэглэж амьдрахаас өөр сонголтгүй бидний жинхэнэ төрх Гуинплений эмгэнэлт хувь тавилангийн хаа нэгтээ огтлолцож буй нь уг жүжгийн хамгийн эцсийн, туйлын хүчирхэг асуулт болж үлдвэй.