
Австралийн Стратегийн Бодлогын Хүрээлэн (ASPI)-гийн шинэ тайланд дурдсанаар, Хятад улс хиймэл оюун ухааныг иргэдээ хянах, цензур хийхэд өргөн ашиглаж, бүр дэлхий даяар энэ арга барилаа экспортолж буй гэнэ. Тус хүрээлэнгээс гаргасан “The party’s AI: How China’s new AI systems are reshaping human rights” тайланд Европ, АНУ-д “AI safety” гэх ойлголт технологийг аюулгүй, шударга болгох тухай ойлголт байдаг бол Хятадад AI safety гэдэг нь: “AI нь намын “социалист үнэт зүйлс” болон төрийн тогтвортой байдлыг хамгаалж, хангах” гэсэн утгатай хэмээн онцлон бичжээ.
ASP-ийн зүгээс Хятадад боловсруулсан AI болох Baidu-ийн Ernie Bot, Alibaba-ийн Qwen, Zhipu AI-ийн GLM, DeepSeek VL2 зэргийг туршихдаа: 2019 оны Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний зургууд; Тяньанмэний талбайн үйл явдал ба түүний дурсгалууд; ХКН-ын удирдагчид; Фалун Гунгийн жагсаал болон бусад найман сэдвээр туршжээ. Үр дүнд нь Хятадын AI загварууд дээрх агуулгыг багтаасан сэдэвт АНУ-ын боловсруулсан AI-тай харьцуулахад “хамаагүй хүчтэй хариу” үзүүлсэн талаар мөн дурджээ. Ингэхдээ: шууд хариулахаас татгалзах, хоосон зай буюу output өгөх, эсвэл алдааны мэдэгдэл гаргах зэрэг хариу өгч байсан аж. Ялангуяа Сингапурт төвтэй inference үйлчилгээ ашигласан тохиолдолд ийм хариу их гарчээ.
“Аюул занал нь илт суртал ухуулгаас биш, харин чимээгүй арилгаж, бодит байдлын тодорхой хэсгийг машин сонгон устгаж эхлэх үед бий болдог.”
ASPI-ийн тайлангийн онцолсноор Хятад мэдээллийн платформууддаа AI ашиглан: асар их хэмжээний контент уншиж шалган дүрэм зөрчсөн эсэхийг таних, хориотой сэдэв агуулгуудыг хормын дотор л устгах ажлыг хийж байна. Tencent, Baidu, ByteDance зэрэг аваргууд ийм AI хөгжүүлж, бүтээгдэхүүн болгон бусдад нийлүүлж байгаа нь AI-гаар хөтөлсөн хориг, цензурын системийг улам өргөжүүлж буй аж.
Үүгээр зогсохгүй AI ашиглан Уйгур, Төвөд, Монгол зэрэг үндэстний цөөнхүүдийг илүү үр дүнтэй хянах соёлын устгал хийдэг нь баримтаар нотлогдсон гэж ASPI-ийн тайланд дурджээ. Үндэстний цөөнхийг хянахдаа Уйгур, Төвд, Монгол, Солонгос хэлүүдийг ойлгох чадвартай AI хөгжүүлж байгаа нь хяналт, цензурыг илүү үр дүнтэй болгожээ.