
“Twilight” цувралын жүжигчин Кристен Стюарт ерөнхийлөгч Дональд Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхих болсноо зарлалаа.
Тэрбээр, “The Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Америкт чөлөөтэй ажиллаж чадахгүй байгаа тул Европт кино бүтээж, карьераа шинээр эхлүүлэх талаар бодож байна” гэв. Энэ нь түүний найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “The Chronology of Water” киноны зураг авалтыг Латви улсад хийсэнтэй холбоотой.
Учир нь Трамп АНУ-аас бусад улсад бүтээсэн кинонд 100 хувийн тариф тогтооно хэмээсэн юм. Энэ талаараа, “Манай кино бүтээгчдийн бизнесийг бусад улс яг л хүүхдээс чихрийг нь авч байгаа юм шиг хулгайлдаг. Сул дорой, ур чадваргүй захирагчтай Калифорни муж ялангуяа үүнд өртдөг. Энэ хэзээ ч дуусдаггүй асуудлыг урт хугацаандаа шийдэхийн тулд АНУ-аас бусад улсад хийсэн бүх төрлийн кинонд 100 хувийн тариф ногдуулах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Америкийг дахин агуу болгоё” хэмээж байв.
Харин Кристен Стюарт үүнийг байж боломгүй зүйл гэж үзээд "Трампын эрин үед бодит байдал бүрэн сүйрч байна. Бид түүний энэ номоос өөрсдийн хуудсаа салгаж аваад, амьдрахыг хүссэн газартаа бодит байдлыг бүтээх хэрэгтэй” гэжээ. Мөн “Би энд чөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Гэлээ ч шууд бууж өгөхгүй. Би Европт кино үйлдвэрлэж, түүнийгээ америкчуудын ам руу чихэх болно” хэмээн мэдэгдсэн юм.
Үүнээс гадна Калифорнийн захирагч Гэвин Ньюсом уг шийдвэрийг АНУ-ын кино урлагт нөхөж баршгүй хохирол болно гэдгийг онцолсон. Мөн 100 хувь тэнэг алхам гэж буруутгасан байна.