
Иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн арван таван жилийн түүхэн доод түвшинд хүрсэн тухай банкны салбарын 2025 оны сүүлийн улирлын тайланд дурджээ. Мөн иргэдийн хэрэглээний арван зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд орж байгаа бөгөөд ялангуяа автомашины зээл дунд чанаргүйдэл 16 хувьд хүрч өссөн нь анхаарал татах үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өрийн асуудал багассан мэт боловч унаатай болох мөрөөдөл нь банкны өртэй хамт өссөөр байна.
Банкны зээлийн чанар гэдэг ойлголт тун энгийн. Хэрэв зээлдэгч 90 хоногоос дээш хугацаанд төлбөрөө хийж чадахгүй бол тухайн зээл “чанаргүй” ангилалд шилжинэ. Энэ нь банкны хувьд эрсдэл, харин зээлдэгчийн хувьд санхүүгийн дарамт гэсэн үг. Гэвч зээл гэдэг зөвхөн эдийн засгийн тоо баримт биш. Учир нь эндээс бид нийгмийн сэтгэлзүй, хэрэглээний соёл, нийт олны хүслийг ч давхар ажиглах боломжтой.
Монголчуудын хувьд автомашин гэдэг нийгмийн байр суурийг тодорхойлох эд материал, гангараа болоод удсан. Гэвч хотын замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал, хөдөө орон нутгийн замын харилцан адилгүй онцлог гээд олон хүчин зүйлсээс үзэхэд автомашин бол зайлшгүй хэрэгтэй, амьдралын өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн л нэг. Магадгүй үүнээс үүдээд иргэн бүр шахуу өөрийн гэсэн машинтай болохыг хүснэ. Харин тус хүсэл бодит орлогоос давж гарах үед банкны зээл хамгийн ойрын гарц болж хувирдаг.
Сүүлийн жилүүдэд автомашины зээлийн бүтээгдэхүүн банк санхүүгийн байгууллагуудын хувьд хамгийн өргөн түгсэн үйлчилгээний нэг болсон. Урьдчилгаа бага, хугацаа урт, заримдаа бүр “машинаа аваад дараа нь төл” гэх сурталчилгаа хүртэл гардаг. Хэрэглэгчийн нүдэнд энэ нь боломж мэт харагддаг ч бодит амьдрал дээр олон хүнийг урт хугацааны өрийн дарамтад оруулдаг. Ялангуяа орлогын тогтвортой эх үүсвэргүй, эсвэл санхүүгийн төлөвлөлт сул айл өрхүүдийн хувьд автомашины зээл амьдралын томоохон ачаа болдог.
Чанаргүй зээлийн 16 хувьд хүрсэн үзүүлэлт үүнийг тодорхой харуулна. Энэ нь зээл авсан зургаан хүн тутмын нэг нь төлбөрийн бэрхшээлд орж болзошгүйг илтгэж буй дохио. Машин бол элэгдэл ихтэй, үнэ нь хурдан буурдаг хөрөнгө. Өнөөдөр авсан автомашин хэдхэн жилийн дараа зах зээлийн үнээ алдана. Харин зээлийн төлбөр хэвээрээ үлдэнэ.
Сонирхолтой нь, банкны тайланд эдийн засгийн салбаруудад олгосон зээлийн чанар харьцангуй сайжирсан гэж дурджээ. Өөрөөр хэлбэл бизнесийн зээлүүдийн эргэн төлөлт илүү тогтвортой байна. Учир нь бизнесийн зээл ихэвчлэн орлого бий болгох зорилготой байдаг. Харин автомашины зээл бол ихэнхдээ хэрэглээний шинжтэй. Орлого нэмэхээс илүүтэй зардал л нэмнэ.
Эндээс нэг энгийн дүгнэлт гарч ирнэ. Хөрөнгө оруулалтын зээл эдийн засгийг тэтгэдэг бол хэрэглээний зээл өрхүүдийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг. Автомашин бол амьдралыг хөнгөвчилж болох ч санхүүгийн сахилга батгүй үед аж төрөхүйг улам хүндрүүлэх хүчин зүйл болно. Гэхдээ хот төлөвлөлт, нийтийн тээврийн хүртээмж, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйл хүмүүсийг автомашинтай болох сонголт руу түлхдэг. Хэрэв нийтийн тээвэр илүү найдвартай, тав тухтай, цаг хугацаа хэмнэдэг унаа байсан бол олон хүн заавал зээл тавин барин автомашин авахгүй байх байсан биз.
Эцэст нь автомашины чанаргүй зээлийн өсөлт бол зөвхөн банкны статистик биш. Энэ нь орчин үеийн монголчуудын амьдралын хэв маяг, хэрэглээний соёл, мөрөөдөл ба бодит орлогын зөрүүг харуулж байгаа хэрэг. Автомашин амьдралыг хурдлуулж болно. Харин өр амьдралыг удаашруулдаг. Машинтай болох мөрөөдөлтэй хүрсэн ч өрийн дарамттай амьдралд угтана. Түүнд бид дасаж сурчээ. Тиймээс автомашинтай болох мөрөөдлөө биелүүлэхээсээ өмнө санхүүгийн бодит боломжоо харж сурах нь өнөө цагийн хамгийн ухаалаг шийдвэр байж мэднэ.