
Франц улс пүрэв гарагт ихэвчлэн мал, амьтны дунд тархдаг Шамонда вирусийн халдвар хүнээс илэрсэн анхны тохиолдлыг бүртгэснээ мэдээллээ. Халдвар авсан өвчтөн нас барсан ч эрх баригчид уг вирус нийт хүн амд эрсдэл учруулахгүй гэж мэдэгджээ.
Францын Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, талийгаач энэ оны хавар, зуны улиралд мал, амьтдын дунд вирус тархсан Францын зүүн хэсэгт халдвартай жижиг ялаанд хазуулсан байж болзошгүй аж.
Францын Эрүүл мэндийн яамны албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлэхдээ, тухайн эрэгтэй вирусийн халдвартай холбоогүй өөр хүнд өвчний улмаас Лион хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэжээ.
Орон нутгийн Le Progrès сонины мэдээлснээр, талийгаач 60 гаруй настай, Лион хотын орчимд оршин суудаг байжээ.
Олон улсын нийгмийн эрүүл мэндийн асуудал, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээг зохицуулдаг, Женев хотод төвтэй ДЭМБ мэдэгдэлдээ “Одоогоор байгаа мэдээлэл болон уг вирустэй ойр төрлийн вирусүүдийн халдвар дамжих замын талаарх мэдлэгт үндэслэн үзвэл энэ нь хүний халдварын тусгаарлагдсан ганц тохиолдол бөгөөд одоогийн нөхцөлд өргөн хүрээнд тархах магадлал бага байна” гэжээ.
Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Грегори Эмери сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид шинжлэх ухаан болон вирус судлалын үүднээс урьд өмнө бүртгэгдэж байгаагүй тохиолдолтой тулгарч байна. Энэ нь тухайн эрэгтэйн дархлааны тогтолцоо маш их суларсантай холбоотой” гэж мэдэгджээ.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Шамонда вирус нь хаздаг жижиг ялаагаар дамжин халдварладаг, ихэвчлэн үхэрт илэрдэг байна. Гэхдээ уг вирус адуу, альпака, хонь, ямаанаас мөн илэрчээ.
Грегори Эмеригийн мэдээлснээр, одоогоор Шамонда вирус үхрээс хүнд болон хүнээс хүнд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Шамонда вирусийг анх 1960-аад оны дунд үед Нигери улсад илрүүлсэн. Харин Европт энэ оны долоодугаар сарын сүүлчээр анх баталгаажуулжээ. Тодруулбал, Германы өмнөд хэсэг, Швейцар болон Францын зүүн нутагт өвчилсөн үхрүүдээс авсан дээжид геномын шинжилгээ хийхэд уг вирус илэрсэн байна.