
Уулын цанын тамирчин Линдсей Вонн гурав дахь мэс засал нь амжилттай болсон талаар мэдэгдлээ. Тэрбээр инстаграм хуудастаа эмнэлгийн орондоо хөлөнд төмөр хүрээтэй байгаагаа харуулсан зургаа нийтэлж, гараа өргөн “Би сайн байгаа” гэсэн дохио үзүүлсэн байна.
“Өнөөдөр гурав дахь мэс заслаа амжилттай хийлгэлээ. Өмнөх хэдэн өдрөөс ялгаатайгаар амжилт гэдэг ойлголт миний хувьд огт өөр утгатай боллоо. Би сайжирч байгаа, удаан ч гэсэн бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байна” хэмээн хэлжээ.
41 настай Линдсей Вонн олимпын эмэгтэйчүүдийн замд уралдаанаа эхлүүлсэн ч 13 секундын дараа осолдож, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн юм. Даваа гараг (2026.02.09)-ийн орой “гуяны ясны холимог гэмтэлтэй, одоо тогтворжсон ч удаан хугацаанд хэд хэдэн мэс засал хийлгэх шаардлагатай болсон” талаараа мэдэгдсэн.
Ослоос долоо хоногийн өмнө Линдсей Вонн зүүн өвдгөндөө ноцтой гэмтэл авсан осолд орж байсан. Тэрээр зургаан жил завсарласан спортдоо эргэн ирсэн нь энэ өвлийн олимпын наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм түүхүүдийн нэг байсан.
Линдсей Вонн Инстаграм хуудастаа “Би гайхалтай эмч, найз нөхөд, гэр бүл, мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хайр, дэмжлэгт талархаж байна. Мөн багийн тамирчид болон Team USA-ийн бүх тамирчдад баяр хүргэе, тэд намайг урамшуулж байгаа” хэмээн нийтэлжээ.
Линдсей Вонн дэлхийн цомын 12 дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард өвдөгний мэс засал хийлгэснийхээ дараа 12 сарын дараа уралдаандаа эргэн орсон. Олимпод оролцохоосоо өмнө тэрбээр улирлын эхэнд хоёр удаагийн доунхиллд түрүүлж, дэлхийн цомын 8 уралдаанаас долоод нь шагналын тавцанд гарч, нэг уралдаанд дөрөвдүгээр байрт орсон.