Эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас шаардан аравдугаар сарын 9-нөөс хойш жагсаал, цуглаан зохион байгуулж буй. Улмаар хэлэлцээрт хүрэхгүй бол өнөөдөр суултаа дуусгаад, маргаашаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн яамны сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр" Эмч мэргэжил бол маш их цаг хугацаа гаргаж бусдын төлөө ажилладаг мэргэжил. Ийм ч учраас эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 саяас ч дээш гаргахын төлөө бид хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд бид эхний ээлжид Засгийн газарт төсөв өргөн барьсантай холбоотой нийт урсгал зардлын 10 хувийг танаж, түүнийгээ боловсрол, ахмадуудын тэтгэвэр, эрүүл мэндийн салбарт санхүүжилт олгохоор 840 тэрбум төгрөгийг хуваарилах саналыг их хуралд өргөн барьсан. Энэ дотор эрүүл мэндийн салбарын үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр санал өгсөн. Одоо УИХ-ын төсөв, байнгын хороод энэ хувиас ч дээш нэмэхээр ажиллаж байгаа. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нь эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал одоо УИХ-ын мэдэлд очсон гэсэн үг. УИХ-ын гишүүдээс олон санал гарч байгаа" гэлээ.