
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулж буй “Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын нээлт маргааш болно. 45 орны үндэсний олимпын хорооны 15 000 гаруй тамирчин, албаны төлөөлөгчид Айчи мужид хэдийнэ цуглажээ.
Энэ удаагийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Наадмын чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд оролцох тамирчдын дунд сорил хийсний үндсэн дээр дараах тамирчид өрсөлдөхөөр болжээ.
Чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Ханжоу 2022” наадмын аварга, гавьяат тамирчин Т.Тулга тэргүүтэй бөхчүүд сонгогджээ. Тодруулбал, 57 кг-д М.Даваабанди, 65 кг-д А.Анх-Эрдэнэ, 74 кг-д Т.Тулга, 86 кг-д О.Сүлдбаяр, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар барилдана.
Гавьяат тамирчин Т.Тулга Ханжоугийн наадамд 65 кг-д барилдаж түрүүлж байсан бол энэ удаа жин өгөн 74 кг-д барилдахаар болжээ.
Чөлөөт бөхийн эмэгтэй төрөлд 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Б.Хулан, 62 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Сонгомол бөхийн төрөлд 60 кг-д М.Даваабанди, 67 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Т.Боргил, 87 кг-д Г.Төрболд, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар барилдах юм.
Азийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд эхэлнэ.
Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас нийт 12 алтан медаль хүртсэн. Хамгийн сүүлийн наадам болох “Ханжоу 2022” наадмаас гавьяат тамирчин Т.Тулга 65 кг-д алт, 125 кг-д М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртэж байв. Мөн энэ наадмаас гурван тамирчин хүрэл медалийн эзэн болж, Монголын чөлөөт бөхийн баг таван медальтайгаар багийн дүнгээр Иран, Япон, Киргиз, БНХАУ, Хойд Солонгосын ард зургаадугаар байрт жагссан юм.

