
ХҮН намынхан оны өмнө VIII их хурлаа хийж, үндсэн дүрмээ батлав.
Мөн намын даргаараа Т.Доржхандыг дахин дөрвөн жилээр улираан сонголоо. 2020 оноос хойш намаа хоёр удаа парламентад төлөөлөлтэй болгосон, Засгийн газарт багтаж, төрийн эрхийг барилцаж буй зэрэг нь түүнийг “ногоон гэрлээр” улираах шалтгаан болсон биз. Гуравдагч хүчний жижиг намын хувьд энэ нь мэдээж амжилт. Их хурлаа хийсний маргааш тэд нам байгуулагдсаны 10 жилийн баярын хурлаа хийсэн юм. Гэвч эл тоо нь асуулт дагуулав.
ХҮН бол Хөдөлмөрийн үндэсний намын үргэлжлэл. Уг нам 2011 онд байгуулагдсаныг Дээд шүүх бүртгэсэн байдаг. Зүүн төвийн үзэл баримтлалтай, өндөр боловсролтой, нэр цэвэр, улс төрөөс ангид залуусаас бүрдсэн гэдэг имижийг анхнаасаа л бүрдүүлсэн. 2022 онд л тэд нэрээ ХҮН болгон өөрчилсөн байдаг. Гэтэл өмнөх дөрвөн жилийн түүх, уг намыг үүсгэн бий болгосон хүмүүсээ шууд “аньж”, Т.Доржханд л анхдагч, санаачлагч мэтээр мэдээлсэн нь ёс зүйгүй байлаа. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй. ОУВС-д ажиллаж байсан Т.Доржхандыг нам нам хэссээр одоохондоо АН-д “тогтоод” буй УИХын гишүүн С.Ганбаатар 2014 онд “олж ирсэн” гэнэ. Тэгээд л тэрээр санаа зорилго нийлсэн залуусыг нэгтгэн 2015 онд ХҮН намыг байгуулсан юм байх. Шууд ингэж өчигдрөө үгүйсгэж, шинэ түүх зохиох нь яавч ёс зүйтэй улстөрч, зөв улс төрийн хүчний шинж биш. Ерөөс өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл явдал ХҮН намынхан хүн болж төлөвших яагаа ч үгүй гэдгийг харуулж байна.
Монгол Улс 1990 оноос ардчилсан тогтолцоонд шилжиж, олон намын системтэй болсон. Парламент бүрд л гуравдагч хүчний 2-3 нам төлөөлөлтэй явсаар 2016 онд энэ “буухиа” тасарсан байдаг. МАН үнэмлэхүй олонх болж, АН ес, бие даагч нэг суудал авсан юм. 2020 оны сонгуулиар парламентад ХҮН нам гуравдагч хүчнийг төлөөлж, нэг суудал авлаа. Зүй ёс, Монголын социал демократ, ХҮН намууд хамтран “Зөв хүн-электорат” эвсэл байгуулан уг сонгуульд оролцсоноос Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Т.Доржханд сонгогдсон. Тус дүүргийн сонгогчид яагаад түүнд саналаа өгсөн бэ. Тэр чадварлаг, нэр цэвэр хүн байсан учраас уу. Үнэндээ Т.Доржханд бол шинэ дүр төрх, олны танихгүй нэр дэвшигч байсан. Харин АН, МАН-д ээлжлэн санал өгч, итгэсээр ядарч, өөрчлөлт авчрах шинэ улс төрийн хүчнийг үгүйлсэн монголчуудад “Өндөр боловсролтой, улс төрөөс ангид, нэр цэвэр, өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлсэн залуусаас бүрдсэн” гэдэг Хөдөлмөрийн үндэсний намын пиар хүрч эхэлсэн үе байв. Өөрөөр хэлбэл, үгүйлэгдсэн хоосон орон зайд энэ намынхан зөв цагтаа гарч ирсэн гэсэн үг. Улс төрд шинэ салхи үлээлгэж мэдэх юм гэсэн итгэл иргэдэд байсан учраас л ХҮН намын нэр дэвшигчийг сонгосон байна.
Ингэж намынхаа нэрээр, шинэ улс төрийн хүчин эрж хайсан иргэдийн итгэлийн хүчинд Т.Доржханд гэдэг хүн парламентад хөл тавьжээ. Намаа төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүнээ тэд даргаараа сонгов. Тэр нь ч зүй. Гуравдагч хүчний ганц төлөөлөл гэдэг нь түүнийг 2020 оны парламентад бусдаас нь ялгаруулсан юм. Тэд ч ганц дайчин ганцаардахгүй, гуравдагч хүчнээ төлөөлж ажиллана гэсэн пиараа үргэлжлүүллээ. Олон нийт ч итгэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намаас нэр дэвшүүлсэн Д.Энхбатыг дэмжив. Өөрчлөлт шинэчлэлтийг үгүйлсэн 247 мянга орчим хүн буюу нийт сонгогчийн 20.3 хувь нь түүнд саналаа өгсөн юм. Гуравдагч хүчний намын хувьд энэ бол чамлахааргүй амжилт байлаа. 2024 онд иргэд илүү олуулаа тэдэнд итгэснээр жагсаалтаар зургаан гишүүнтэй болгож өгсөн. Мөн тойргоос хоёр хүнд итгэл үзүүлэн сонгов. Нэг намын тогтолцоо давамгайлж, сөрөг хүчин үгүйлэгдсэн улс төрийн нөхцөлд иргэдийн талд ажилла гэж тэдэнд итгэл үзүүлсэн. Харамсалтай нь, ХҮН намынхан найман гишүүнтэй болмогцоо л иргэдээс нүүр буруулж, эрх мэдэл, албан тушаалыг сонгох нь тэр.
Өөдрөг, өөртөө итгэлтэй байх нь сайн шинж мөн. Гэхдээ бодит байдлаас тасарч, өөрийгөө дөвийлгөөд эхэлбэл асуудал буруу тийш эргэнэ. ХҮН намынханд, тодруулбал, дарга Т.Доржхандад ийм л явдал тохиолдоод байх шиг.
Сөрөг хүчин хий гэж итгэж өгсөн саналыг нь үл тоож, Засгийн газарт хамтрах шийдвэрийг тус намынхан гаргасан. Эндээс л түүний үнэн мөн чанар ил болж эхэлсэн билээ.
Уг шийдвэр тус намын энгийн гишүүдэд нь ч таалагдаагүй. ХҮН нам Засгийн газарт Шадар сайд, Боловсролын сайдын квот авав. Т.Доржханд Шадар сайд болж, эрчим хүчний реформ хийх тухай ярьж явдаг боллоо. Гэвч өнөөдрийг хүртэл цахилгааны үнийг огцом нэмж, иргэд, аж ахуйн нэгжид ачаалал болсноос өөр юм хийсэнгүй. Боловсролын сайд хийж барахгүй гэдгээ П.Наранбаяр хоёр танхим дараалан баталлаа. Төлөвлөгөө, судалгаа байхгүй, нэг өглөө л цахимаар хичээллэх шийдвэр гаргахаас хэтэрсэнгүй.
Л.Оюун-Эрдэнийн танхимд 11 сар ажиллахдаа ХҮН намын дарга ямар долоогч, “улаан хамгаалагч” байж чадахаа нотолсон юм. Үүнийхээ хариуг орон нутгийн сонгуулиар хүртсэн. Нийслэлийн ИТХ-д тэд нэг ч суудал авсангүй. Гэвч эрх мэдэл, албан тушаалаасаа буухыг Т.Доржханд хүссэнгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ХҮН, АН-ыг хөөх тухай яриа гарахад уйлан дуугарч, “Урьж оруулчихаад хөөж гаргах гэлээ. Тэгэх юм бол жинхэнэ сөрөг хүчин гэж хэн байдгийг харуулна” хэмээн сүрдүүлэв. Эрх мэдлээ хадгалахын тулд сөрөг хүчин хийе гэсэн нь олон нийтэд таалагдсангүй. Ингэж “зүтгэснийхээ” хариуд тэд дараачийн Засгийн газарт үлдсэн. Ер нь Засгийн газарт хамтарсныхаа дараанаас л тэрээр “ХҮН эрх баригч, том нам” хэмээн тунхаглах болсон юм. Том нам, жинхэнэ ХҮН байна хэмээх мөрөөдөлдөө тэр өөрөө л итгэжээ.
Баярын хурлынхаа үеэр Т.Доржханд өнгөрсөн 10 жилд ардчилалд гарц гаргасан, олон намын тогтолцоог сэргээсэн, үзэл санаанд нэгдсэн, бодлогын институт гэж юу болохыг бусдад үлгэрлэсэн, Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг шахаж чадсан, Хөгжлийн банк, нүүрсний сонсгол хийлгэсэн гэдэг амжилтыг өөрсдөдөө “наасан” юм. Түүний хэлсэн зарим зүйлд үнэний ор бий. Нийслэлийн ИТХ-д 2020-2024 онд тус нам гурван төлөөлөлтэй байсан. Тэд нь сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэж, “ногоон автобусны хэрэг”-ийг илчилсэн гэсэн нь үнэн. 2024 оны сонгуульд ХҮН намд итгэхэд энэ үр дүн нөлөөлсөнтэй маргахгүй. Харин бусад том хулгайг илчлэх ажлыг тэр “гардан гүйцэтгэсэн” нь юу л бол. 2016 оны сонгуулийн дараа бүрдсэн парламентад гуравдагч хүчний төлөөлөл байгаагүй. 2020 онд тэр ганцаар жижиг намуудыг төлөөлсөн нь үнэн. Гэхдээ үүнийг “ардчиллын гарц” гэх мэтээр томруулах нь нарциссист хүний шинжтэй л харагдаж буй юм. Үнэн хэрэгтээ бол ХҮН гуравдагч хүчний, жижиг нам хэвээрээ. Иргэдийн итгэлд үзүүлсэн “дунд хуруу”, эрх мэдлийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хандлага, өмнөх түүхээ үгүйсгэж, өөрийгөө дөвийлгөдгөөс нь харвал тэд хүн болж төлөвших болоогүй, том нам болохыг мөрөөдсөн жижиг хүчин гэдэг нь илт.

ХҮН намын дарга өөрийгөө ийнхүү “шидэж” байх зуурт энгийн гишүүд нь хаалга хаах болов. 2024 оны дөрөвдүгээр сард тус намын гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг, энэ оны тавдугаар сард Хариуцлагын ерөнхий хорооны дарга байсан А.Дөлгөөн, сүүлд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар ХҮН намаас гарсан. Олон нийтэд ил болсон нь, албан тушаалтай нь л эд. Өөр хэдэн гишүүн нь тэднийг орхисныг бид мэдэхгүй. Тэд “ХҮН намд нэг хүний дарангуйлал тогтсон. Үзэл бодлоо илэрхийлсэн, өөртэй нь санал нэгдээгүй хүмүүсийг хяхаж хавчдаг. Энэ намд дотоод ардчилал байхгүй болсон” гэсэн ижил шалтгаан хэлсэн юм. Азаар УИХ-ын гишүүн болж, албан тушаалд томилогдсоныгоо Т.Доржханд зөвхөн өөрийнх нь хүч хэмээн эндүүрсээр бурууджээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдоггүй, буруу, зөв ярилаа гэж загнадаг тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ч ярьж байв. Өнөөх өндөр боловсролтой, өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй, улс төрөөс ангид гэдэг имиж нь ч энэ намыг орхин одлоо. Эсрэгээрээ албан тушаалд шунасан, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хэдхэн удирдлагатай, МАН-ын охин нам гэдгээ л баталж өгөх нь тэр. Баярын хурлынхаа үеэр тус намын дарга ирэх сонгуулиар багадаа 32 суудал авна хэмээн ярьжээ. Одоо тэдэнд дахин итгэх тэнэг олон гарахгүй. 32 биш, гурван суудал ч үгүй үлдвэл гайхах хэрэггүй.
Гуравдагч хүчний түүхэнд ХҮН л дараалан хоёр удаа сонгогдсон юм биш. Иргэний зориг ногоон нам 2000 оноос эхлээд тасралтгүй дөрвөн удаа парламентад 1-4 төлөөлөлтэй байсан. Тэд ч бас Засгийн газарт багтаж, төрийн эрхийг барилцаж явсан боловч ХҮН намынхан шиг “хөөрч”, өөрсдийгөө том нам боллоо хэмээн тунхаглаж байсангүй. Албан тушаал, эрх мэдэл дотоод хүнийг ийнхүү илчилдэг байх нь. Үнэхээр л зөв хүн уг намыг залсан бол холын зайн улс төр хийх боломж, орон зай нь байлаа. Харамсалтай нь, үүлэн чөлөөний нар мэт хугацаа, боломжийг өөрийнхөө эгог тэжээхэд зориулсан хэдхэн хүнээс болж ХҮН намын төгсгөл ойртжээ.
С.Туул