
Улсын хэмжээнд өнөөдөр 12:00 цагийн байдлаар ой, хээрийн гурван гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны 13:20 цагт бүртгэгдсэн ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн, Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар мөн өдрийн 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид иргэд гээд нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр 11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа аж.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу зургаан аймгийн долоон суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн байна.