
Холбооны бүгд найрамдах Герман улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг International Eastercup Moabit-2026 тэмцээн энэ сарын 2-6-нд боллоо. Тэмцээнийг U10, U12, U14, U16, U18, насанд хүрэгчид, 45+, “Masters” ангилал, тэргэнцэртэй сагсан бөмбөг зэрэг олон төрлөөр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд 30 гаруй орны 2500 орчим тамирчин оролцжээ.
Монголоос сагсан бөмбөгийн өсвөрийн хоёр баг оролцож, мөнгөн медаль, цомын эзэд болсон байна. Тодруулбал, Спорт ноён оргил клубийн Л.Алтанхуяг дасгалжуулагчтай U17 насны баг мөнгөн медаль хүртсэн бол U16 насны баг playdown (байр тогтоох шат) шатанд түрүүлж, цомын эзэд болжээ. Энэ талаар дасгалжуулагч Л.Алтанхуяг “Миний шавь нар маш сайн байлаа. Бахархаж байна. Тус тэмцээнд оролцоход биднийг дэмжсэн бүх хүнд талархлаа” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Мөнгөн медаль, цомын эзэд болсон өсвөрийн тамирчид маргааш эх орондоо ирнэ.



