
ХХААХҮЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Худалдаанд Монгол орны 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, нутаг нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэнэ.
Ингэснээр малчид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хаврын махны үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэд зах зээлийн дундаж үнээс хямд, чанартай мах, цагаан идээгээр өвлийн хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
Өргөтгөсөн худалдаанд нийлүүлэгдэх бүтээгдэхүүн бүрийн гарал үүсэл, чанар, стандарт, мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь хэрэгжүүлэх юм байна.