
Кубын засгийн газар 2010 хоригдлыг суллахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Энэ нь сүүлийн жилүүдэд хийгдэж буй хамгийн том “өршөөл”-ийн нэг юм. Куба улс Трампын засаг захиргааны өдрөөс өдөрт нэмэгдэж буй дарамтын дор хүнд байдалд ороод буй.
Засгийн газар энэ өршөөлийг хоригдлуудын сайн зан байдал, эрүүл мэндийн байдал, “үйлдсэн хэрэг”-ийн шинж чанарт үндэслэн хийхээр шийдвэрлэсэн гэж эрх баригч Коммунист намын албан ёсны сонин Granma-д мэдээлжээ.
Мөн суллагдах хүмүүсийн дунд залуучууд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насныхан болон гадаадын иргэд багтсан байна. Харин хүн амины хэрэг, бэлгийн хүчирхийлэл эсвэл “төрийн эрх мэдлийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд өршөөлийн жагсаалтад багтаагүй байна.
Human Rights Watch байгууллагын мэдээлснээр Куба нь идэвхтнүүд, сэтгүүлчид, жагсагчид болон улс төрийн өрсөлдөгчдийг байнга баривчилж, онилдог.
Хавана өмнө нь олон улсын талуудтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд хоригдол суллаж байсан. Жишээлбэл, 2025 оны эхээр Куба АНУ болон Ватикантай хийсэн хэлэлцээний дараа 553 хоригдлыг сулласнаар Байдены засаг захиргаа Кубад тавьсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхээ амласан байдаг.
Харин ерөнхийлөгч Трамп албан тушаалаа авсныхаа дараа уг хэлэлцээрийг цуцалж улмаар Куба хоригдлуудыг суллахаа түр хугацаанд зогсоосон.
Granma сонины мэдэгдэлд АНУ-ыг огт дурдаагүй бөгөөд дэлхий даяар тэмдэглэж буй “Ариун долоо хоног”-той холбон тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Куба нь Трампын засаг захиргааны дарамтын кампанит ажилд өртөж, аль хэдийн хүндрэлтэй байсан эдийн засгийн байдал нь улам дордож байгаа билээ.
Энэ оны эхээр Венесуэл дэх цэргийн ажиллагаа болон Мексикт тарифын дарамт үзүүлэх замаар Трампын засаг захиргаа Куба руу чиглэсэн нефтийн урсгалыг тасалсан. Энэ нь коммунист дэглэмтэй тус улсыг улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл хийхэд шахах зорилготой байжээ.
Трамп Кубын засгийн газар төвлөрсөн эдийн засгаа нээхгүй бол нуран унах болно гэж байнга мэдэгддэг бөгөөд “Кубыг авах” хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байсан. Түүний улс төрийн холбоотнууд, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг хүмүүс Кубын коммунист удирдлагыг өөрчлөхийг удаан хугацаанд шаардаж ирсэн хатуу байр суурьтай улстөрчид юм.
Одоо Куба үлдсэн багахан нефтийн нөөцөө тээврийн хэрэгсэл ажиллуулах болон цахилгаан үйлдвэрлэхэд ашиглаад бараг дуусгаж байгаа аж. Үүний улмаас удаан үргэлжилсэн эрчим хүчний хямрал улам дордож байна.
Тус улс өмнө нь ч урт хугацааны цахилгаан тасалдалд өртдөг байсан ч одоо байдал улам хүндэрч, цахилгаан станцууд түлшгүйгээс ажиллах боломжгүй болжээ. Гуравдугаар сард долоо хоногийн дотор хоёр удаа улс даяар цахилгаан тасалдаж, 10 сая гаруй хүн эрчим хүчгүй болжээ.
Амьдрал бараг зогссон байдалд орж, олон сургууль хичээлээ зогсоож, ажилчдыг эрчим хүч хэмнэх зорилгоор түр чөлөөлж, зарим урт нислэгт хангалттай шатахуунгүйгээс цуцлагджээ.
1959 онд Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид АНУ-ын дэмжлэгтэй Фульхенсио Батистагийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш Куба улс АНУ-ын хатуу эдийн засгийн хоригт орсон хэвээр байна. Энэ хориг нь америкчуудтай холбоотой ихэнх арилжааг хориглож, шинэ хөрөнгө оруулалтад ихээхэн саад учруулсаар ирсэн юм.