
Ойрхи Дорнодоос Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэрлэлт дайны өмнөх түвшиндээ бараг хүрч сэргэж, Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн аравдугаар сарын боловсруулалтын хэмжээ буурсан нь түүхий нефтийн эрэлт суларч байгааг илтгэснээр газрын тосны үнэ буурчээ.
“Брент” маркийн газрын тосны фьючерс баррель тутамдаа 54 цент буюу 0.6 хувиар буурч, 95.30 ам.долларт хүрсэн байна. Харин АНУ-ын “Уэст Техас Интермедиэйт” (WTI) маркийн газрын тосны үнэ 22 цент буюу 0.3 хувиар буурч, баррель нь 88.34 ам.доллар болжээ.
АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайн ес дэх сардаа үргэлжилж байгаа ч геополитикийн эрсдэл буурч болзошгүйг илтгэх шинж тэмдгүүдийг зах зээл үнэлснээр газрын тосны үнэ баасан гарагт мөн буурсан юм.
Олон улсын эрчим хүчний агентлагийн баасан гарагт мэдээлснээр, газрын тосны дэлхийн зах зээл энэ оны дөрөвдүгээр улиралд нийлүүлэлтийн илүүдэлтэй байдалд эргэн орох төлөвтэй байна. Ойрхи Дорнодын экспорт дэлхийн газрын тосны эрэлтээс хурдан сэргэж байгаа ч тээврийн хөлөг онгоц руу халдах ажиллагаа үргэлжилсээр байна.
“KCM Trade” компанийн ахлах шинжээч Тим Уотерер “АНУ, Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа арилжаалагчид нийлүүлэлт байнга хомсдохоос илүүтэй илүүдэл үүсэх боломжийг идэвхтэй авч үзэж эхэллээ. Энэ өөрчлөлт зах зээлийн ерөнхий хандлагыг илт сулруулж байна” гэж хэлжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор, дөрөвдүгээр улиралд газрын тосны нийлүүлэлт өдөрт дунджаар 105 сая баррельд хүрэх аж. Энэ нь таамагласан эрэлтээс өдөрт 1.7 сая баррелиар их гэсэн үг юм. Тус агентлаг өмнө нь дөрөвдүгээр улиралд нийлүүлэлтийн хомсдол үүснэ гэж таамаглаж байв.
Мөн Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудынхаа онцгой байдлын нөөцөөс ирэх оны хоёрдугаар сарын эцэс гэхэд нийт 71 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд зах зээлийн хомсдолыг бууруулах зорилгоор нийлүүлэх 15 сая баррель дизель түлш багтаж байгаа юм.
Дэлхийн хоёр дахь том газрын тос хэрэглэгч Хятадын эрэлт буурч байгаа шнж тэмдгүүд ч үнийн уналтад нөлөөлжээ. Тус улсын Үндэсний статистикийн газрын гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр, аравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулалтын хэмжээ өмнөх сараас 2 хувиар, жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан байна.
Тээврийн хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор түүхий нефть тээвэрлэхдээ эрсдэлтэй тулгарч байгаа, мөн тус хоолойгоор газрын тосыг дамжуулан тээвэрлэж, улмаар боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх өөр хөлөг онгоц руу шилжүүлэн ачихад ашиглагдаж буй хөлөг онгоцны тоо цөөрсөн нь тээврийн зардлыг өндөр хэвээр байлгаж байна.
Гэсэн хэдий ч зарим шинжээч ирэх онд далайн тээврийн нөхцөл сайжирна гэсэн өөдрөг хүлээлттэй хэвээр байна.
“Бидний үндсэн таамаглалаар, 2027 оны эхний улиралд Ормузын хоолойг дахин нээх урьдчилсан тохиролцоонд хүрнэ. Ингэснээр далайн аюулгүй байдлын нөхцөл тогтвортой сайжирч, тээврийн болон даатгалын зах зээл хэвийн байдалдаа орон, логистикийн саад бэрхшээл арилна” гэж BMI-ийн шинжээчид үйлчлүүлэгчдэдээ илгээсэн тэмдэглэлдээ дурджээ.