
Энэтхэгийн агаарын тээврийн салбарын хамгийн том, амбицтай төслүүдийн нэг болох, Өмнөд Азийн хамгийн томд тооцогдох шинэ нисэх буудал албан ёсоор нээгдлээ. Энэ төсөл нь Ерөнхий сайд Нарендра Модигийн дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн санаачилгын үргэлжлэл юм.
“Энэ нисэх буудлын суурийг тавих болон нээх завшаан надад олдсонд баяртай байна” гэж Моди 3-р сарын 28-нд болсон нээлтийн үеэр хэлжээ.
Энэхүү мэдэгдэл нь түлшний хомсдол, Ираны эсрэг АНУ болон Израилийн дайны нөлөөгөөр хүндрэлтэй байгаа Энэтхэгийн агаарын тээврийн салбарт эерэг имиж бий болгоход чиглэж байна. Учир нь Ойрхи Дорнодын бүсээс нефть тээвэрлэж буй олон хөлөг онгоц саатсанаас түлшний нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байна.
Ноайда олон улсын нисэх буудал (Noida International Airport), DXN кодтой, нь Дели хотын Үндэсний нийслэлийн бүсэд байрлах бөгөөд Уттар Прадеш мужийг Энэтхэгт таван олон улсын нисэх буудалтай анхны муж болгож байна. Энэ нь тус улсын санхүүгийн төв Мумбай хотод өнгөрсөн 10-р сард ашиглалтад орсон Нави Мумбай олон улсын нисэх буудлын дараах хамгийн том дэвшил болж буйг албаныхан онцолжээ.
Дэлхийн хамгийн олон хүн амтай, агаарын тээврийн зах зээлээр гуравт ордог Энэтхэг улс дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч Ноайда нисэх буудал шууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхгүй. Нислэгүүд 4-р сарын дунд үеэс эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд үйл ажиллагаа үе шаттайгаар нэмэгдэнэ. Эхний зорилго нь жилд 12 сая зорчигч хүлээн авах бөгөөд 2050 он гэхэд 70 саяд хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ нь дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал болох Дубайн олон улсын нисэх буудлын дайны өмнөх зорчигчдын тооноос давж гарах хэмжээнд хүрнэ.
Төслийн нийт өртөг 296 тэрбум рупи буюу 3.13 тэрбум ам.доллар бөгөөд анх 2024 оны 9-р сард нээгдэхээр төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилж, энэ долоо хоногт л бүрэн ашиглалтад орсон, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн гэж зарлагджээ.
Ноайда нисэх буудлын санаа анх 2001 онд “Таж олон улсын нисэх буудал” нэртэйгээр гарч байсан ч бодит төлөвлөлт нь 2018–2019 онд эхэлсэн байна. Нэр өөрчлөгдсөн ч зорилго нь хэвээр үлдсэн. Энэтхэгийн Агаарын тээвэр, аялал жуулчлалын хорооны дарга Субхаш Гоял хэлэхдээ, Ноайдагийн байршил нь Дели хотын урд хэсэгт байрладаг тул Агра хот дахь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Таж Махалд хүрэхэд илүү дөхөм болно гэж онцолжээ.
Дели, Агра, Жайпур хотууд нь жуулчдын хамгийн их зорьдог “алтлаг гурвалжин” гэх маршрутыг бүрдүүлдэг.
Энэтхэг улс дэлхийн томоохон аялал жуулчлалын зах зээлүүдтэй өрсөлдөх зорилгоо нуудаггүй. Парис, Бээжин, Нью-Йорк зэрэг том хотууд дор хаяж хоёр нисэх буудалтай байдаг нь зорчигчдын ачааллыг хуваарилахад тусалдаг.
Ноайда нисэх буудлын зорилго нь “Их Дели бүс болон Баруун Уттар Прадешийг Энэтхэг болон дэлхийн бусад хотуудтай холбох” гэж албан мэдэгдэлд дурджээ. Уттар Прадеш нь Модигийн улс төрийн гол бааз бөгөөд түүний тэргүүлдэг Бхаратия Жаната нам хоёрдогч хотуудыг хөгжүүлэхэд анхаарч байна. “Эндээс онгоцууд дэлхий рүү ниснэ. Энэ нисэх буудал хөгжиж буй Уттар Прадешийн бэлгэ тэмдэг болно” гэж Моди хэлжээ. Мөн “Өнөөдөр Ноайда дэлхийг хүлээн авахад бэлэн боллоо. Энэ бүс нутаг өөртөө тулгуурласан Энэтхэг (Аатманирбхар Бхарат)-ын зорилтыг бэхжүүлж байна” гэж нэмж дурдсан байна.
“Aатманирбхар Бхарат” нь Энэтхэгийг гадаадын технологи, үйлдвэрлэлээс хараат бус болгох зорилготой бодлого юм.
Нисэх буудал нь Нью Делигээс зүүн өмнө зүгт 80 км орчимд орших Жевар хотод байрладаг бөгөөд одоогийн Indira Gandhi International Airport-ын ачааллыг бууруулах зорилготой.
Гэсэн хэдий ч агаарын тээврийн шинжээч Санжай Лазар анхааруулахдаа, энэ шинэ буудал бүх асуудлыг шууд шийдэхгүй гэжээ. “Одоогоор холболтын дэд бүтэц бүрэн хөгжөөгүй. Гэхдээ хурдны зам баригдсан нь давуу тал болно. Ирээдүйд өндөр хурдны галт тэрэг эсвэл метро хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.
Энэтхэг улс агаарын тээврийн хөгжлийг эрчимтэй урагшлуулж байгаа билээ. 2014 онд 74 нисэх буудалтай байсан тус улс өнөөдөр 160 гаруй болж өссөн байна.
“Энэтхэгт агаарын тээврийн салбар хурдацтай хөгжиж байна. Энэ өсөлт дор хаяж дараагийн 20 жил үргэлжилнэ” гэж шинжээч Лазар онцоллоо.