
Өдөр бүр ажиллаж, өмнөхөөсөө өндөр цалин хангамжтай болсон ч өрхийн хэрэглээгээ арай ядан хүргэх санхүүгийн хүндрэлийг олон гэр бүл туулж байна.
Олсон орлого, өссөн цалин нь инфляцад идүүлж, худалдан авах чадвар нь өдрөөс өдөрт буурч байгааг дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт илтгэнэ. Сүүлийн хоёр сард л гэхэд сүүний үнийг 400 орчим төгрөгөөр нэмсэн жишээг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Энэ мэтчилэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байвал өнгөрсөн жилийн өдийгөөс даруй 2.6 нэгж хувиар илүү гарсан инфляц бүр чангарах нөхцөл бүрдэх нь. Үүний нөлөөгөөр төгрөгийн ханш унаж, өрхийн бодит орлого, иргэдийн худалдан авах чадвар буурч, дундаж давхарга хумигдан ядуурал хүрээгээ тэлэх эрсдэл ойрхон байна
Инфляц өнгөрсөн оны аравдугаар сард 6.6 хувьтай байсан бол энэ онд 9.2 хувь болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын бараа, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 19.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд гарсан үнийн өөрчлөлт, өсөлт. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнийг харьцуулан үзье.
Өнгөрсөн таван жил дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ дунджаар 111 хувиар өсжээ. Энэ нь эсрэгээрээ төгрөгийн үнэ цэн үүнтэй адил хувиар буурсныг илтгэж буй.
Улирлаас хамаарч бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг савладаг онцлогтой Монголд инфляцын үндсэн суурь шалтгааныг бэлэн мөнгөний нийлүүлэлт, төсвийн тэлэлт, татварын дарамт, валютын ханштай холбон тайлбарладаг. Харин 2019, 2020 оноос хойшхи хоёр гурван жилийн инфляцын хамгийн гол шалтгаан нь цар тахал. Энэ үед инфляц 16.9 хувьд хүрч, эдийн засаг уналтад орж байв. Тэгвэл цар тахлын нөлөөлөл хэвийн болсон сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний үнээс үүдэлтэй дотоодын хүнс, барааны үнэ өссөн нь инфляцын суурь шалтгаан болжээ. Мөн төсвийн тэлэлт, татвараас гадна удаа дараагийн цалингийн нэмэгдэл үр өгөөж, бүтээмж “үйлдвэрлээгүй” нь инфляц өсөхөд нөлөөлсөн байна.
Өнгөрсөн жилийн өдийд салбарынхан 2025 онд инфляц 7.2 хувь байх таамгийг тооцоолж байлаа. Гэвч одоо 9.2 хувьтай байгаа инфляц оны төгсгөлд 9.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Гэхдээ 2026 онд инфляц аажмаар буурч 6-7 хувьд тогтворжих төлвийг Монголбанкнаас гаргав.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Тэгвэл инфляц харьцангуй тогтворжино гэж таамаглаж буй 2026 онд тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэхээс гадна дулааны үнэ нэмэхээр төлөвлөж байгаа. Харилцан хамааралтай цалин, инфляц хоёр ээлжлэн өсдөг жишгээр ирэх жил үнийн өсөлт төлөвлөснөөр байхгүй л болов уу. Үүнээс гадна цахилгааны үнэ нэмсний үр нөлөө жилийн турш үргэлжилж байгаатай адил дулааны үнэ инфляцын суурь шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй.
Түүнчлэн инфляцад чухал нөлөө үзүүлэгч ам.долларын ханш одоогоор тогтвортой байгаа. Гэвч Засгийн газрын гадаад өр их, зээлийн хүү өндөр байгаа нь валютын ханшийг мэдэгдэхүйц өөрчилж мэднэ. Гадаад өрийн хүүгийн төлбөрийг хийхийн тулд ам.долларын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларснаар импортын барааны үнэ өсөж, инфляцыг өдөөх шалтгаан болох эрсдэл бий.

Орлого инфляц хоёр харилцан нэг нэгийнхээ өсөлтийн шалтгаан болдог.
Сүүлийн 3 жилд төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмсэн. Энэ нь эдийн засагт цалингийн өсөлт бий болгож, эрэлтийн шалтгаант инфляц өсөхөд нөлөөлснийг мэргэжилтнүүд хэлж буй.
Тэгвэл 2026 онд энэ нөхцөл байдал давтагдаж болзошгүй. Хэдийгээр төсөвт багш эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг суулгахдаа бусад зардлаас танасан нь инфляцад ирэх дарамтыг бууруулах ч дам нөлөө даамжрах нь гарцаагүй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
Зарим гишүүн үр дүнг нь тооцоолохгүйгээр “Цалинг 3.5 сая болгоё” гэж зүтгэсээр байгаад нэмсэн. Инфляцын өсөлт, хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөхийг тооцоолоогүй. Үүний нөлөө ирэх жил гарна. Ард иргэдэд таалагдах гэж популист зүйл ярьдагаа болимоор байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг болъё
Уг нь иргэдийн худалдан авах чадварыг хадгалахын тулд инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмэх нь зүйн хэрэг. Гэхдээ цалин нэмснээр аж ахуйн нэгжийн зардал өсөж, ашгийн хэмжээ буурах учраас бизнес эрхлэгчид бараа, үйлчилгээний үнээ өсгөнө. Нөгөө талд олсныхоо хэрээр үрдэг монгол зангаар эрэлт үүсгэж, инфляц өсгөхөд нөлөөлнө. Тиймээс цалин хөлсийг бүтээмж, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж нэмэх нь зүй. Бүтээмжгүй цалингийн нэмэгдэл инфляц л үйлдвэрлэх билээ.
Инфляц ядуу, дундаж давхаргынханд хамгийн их нөлөөлдөг.
Хэрвээ ирэх жилүүдэд инфляц Монголбанкны төсөөлсөн шиг бус өндөр хэвээр үргэлжилбэл, улсын хөгжил дэвшлийг хангагч дундаж давхаргынхан шахагдаж, ядуурал хүрээгээ тэлнэ.
Мөн инфляц өссөөр байвал одоо 12 хувьд хадгалагдаж байгаа бодлогын хүүг Монголбанк өсгөхөөс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголбанк үүргийн дагуу инфляцыг хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авна. Бодлогын хүүг нэмбэл банкуудын зээлийн хүү нэмэгдэж, хөрөнгө оруулалт, хэрэглээ хумигдаж, эдийн засагт эргээд дарамт болно.
Улс орнууд инфляцын хэмжээ, эдийн засгийн чадавх, үндэстний онцлог зэргээс хамааран инфляцын эсрэг янз бүрийн бодлого боловсруулж, арга хэмжээ авдаг. Гэхдээ тун сайн, үр ашигтай аргыг одоо хэр олоогүй бөгөөд инфляцын эсрэг хамгийн зохистой бодлого, арга хэмжээг тодорхойлох нь эдийн засгийн чухал зорилт юм. Тухайлбал, Голланд болон Скандинавын орнуудад үнэ, цалинд хяналт тавьж, хэт өсгөхгүй байх бодлого явуулж байжээ. Гэхдээ үүнийг удаан ашиглавал бизнес ба ажилчдын идэвхийг сулруулж, үр ашгийг бууруулдаг нь батлагджээ. Энэ аргын эсрэг цалин, үнийн өсөлтийг адилтган нэмэх нь ч үргэлжилсэн буюу цогио инфляцад хүргэдэг аж.
Түүнчлэн манай улс түлхүү хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх арга ч эргээд инфляц өсөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд бодлогын хүүг өндөр хэвээр хадгалах нь хөрөнгө оруулалт хумигдаж, үйлдвэрлэл багасаж, ДНБ буурахад нөлөөлдөг байна. Тиймээс манай улсад инфляцын учир шалтгааныг богино хугацаанд тодорхойлж, арга хэрэгслийг хослуулан зөв удирдан хэрэгжүүлэх шаардлага байнга тулгарч буй. Тухайлбал, богино хугацаанд мөнгөний чанга бодлоготой хослуулан монополыг халж, өрсөлдөөн бий болгож, үйлдвэрлэл хөгжүүлж, төсвийн зардлыг танах нь одоогийн нөхцөлд хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Инфляц бол эдийн засгийн “гал” юм. Энэ галыг унтраахын тулд мөнгөний бодлогоо чанга барих, төсвийн сахилга бат, хүнсний тогтолцоо, өрсөлдөөний бодлого гэсэн дөрвөн багц арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ, хамгийн гол нь бодлого хэрэгжүүлэгч байгууллагууд улс төрөөс хараат бус, мэргэжлийн түвшинд шийдвэр гаргах чадвартай болохгүй бол инфляцын галыг унтраах биш, улам сэвэх эрсдэл хэвээр байна.