
“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааны талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин С.Нэргүй, Ардын жүжигчин, дуучин Ц.Үенч, гавьяат жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, профессор Ц.Чулуунцэцэг, гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор, хормейстер Я.Алтансувд нар оролцов.
“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин С.Нэргүй "Аливаа үндэстний үүсч хөгжсөн түүхийн нэгэн хэсэг нь түүний соёл бөгөөд энэ соёлын салшгүй хэсэг нь ардын урлаг. Гэхдээ бид ардын урлагаа өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр төдийлөн далайцтай ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуулт гардаг. Ардын гэсэн тодотголтой бүхэнд мартагдахын аюул байдаг тул ардын урлагт бие сэтгэлээ өгч зүтгэж буй уран бүтээлчид санаа нэгдэн ардын богино дууг судлах, сэргээх, хөгжүүлэх, ирээдүйг зөв тодорхойлох ажлыг хүүхэд багачуудаасаа эхлэхээр энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа юм. Мөн ардын богино дууны өсвөрийн дуулаачдыг дэмжсэн уралдаан тэмцээн сүүлийн 40 гаруй жилд нэг ч зохиогдоогүй, хүүхдүүдийн дунд зохион байгуулж буй урлагийн арга хэмжээнд ардын богино дуу орхигдож ирсэн, ардын урлагийн энэ төрлийг дэмжих бодлого тааруухан байдагт шүүмжлэлтэй ханддаг" гэв.
Уралдааныг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр гурван үе шаттай явуулах бөгөөд гоцлол төрөлд 6-9, 10-13, 14-17 насны ангиллаар өрсөлдөхдөө удирдамжид заажээ. Мөн заавал дуулах дуунаас нэг, өөрийн сонголтоор нэг нийт хоёр ардын дууг хоолойн цар хүрээндээ тохируулан дуулах ажээ. Хамтлаг төрлийг V-VIII, IX-XII анги гэсэн ангиллаар гурван үе шаттай явуулж ардын дууны нэрт мастер, дуучид, судлаач, багш нараас бүрдсэн мэргэжлийн баг шүүх юм байна.
Уралдаанд оролцогчдыг цахимаар бүртгээд эхэлсэн. Бүртгүүлсэн оролцогч эхний шатанд дуулсан бичлэгээ илгээж өрсөлдөх бөгөөд шалгарсан тохиолдолд дараагийн шат болох танхимын шалгаруулалтад оролцох эрх авах аж. Танхимын шалгаруулалтаас тодорсон хүүхдүүдийг финалын шатанд өрсөлдүүлж шилдгүүдийг төрөл болон насны ангилал бүрд тодруулахын зэрэгцээ хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан шилдэг багш нарыг ч шалгаруулна гэдгийг зохион байгуулагчид танилцууллаа.
“Бид өвлөн дуулна” уралдаанд оролцогч хүүхдүүд удирдамжид зааснаар
1.Нутаг усны тухай дуу: “Зуун лангийн жороо луус”, “Өөрийн нутаг”, “Найгал гол”, “Торгууд нутаг”, “Нарсан мод”, “Баян сүм”, “Намрын хонгор салхи”, “Өдтэй бичиг”,
2.Аав ээжийн тухай дуу: “Эхийн ач”, “Сайхан хангайн буга”, “Ай Нанаа”, “Шар хад”, “Дэлхийн нар”, “Эхийн ач”, “Талд унасан жавар”, “Гандий мод”,
3. Морины тухай дуу: “Хар морь”, “Бүүжидмаа”, “Буурал морь”, “Алаг морь”, “Могой хээр”, “Санхьюу гөлөм”, “Гунан хар”, “Хүүхэн Нанаа” дуунуудаас сонгох бөгөөд өөрийн сонголтоор дуулах дуунд орон нутгаас оролцож буй хүүхдүүд нутгийн ардын болон мартагдсан дууг сонговол давуу тал болно гэдгийг хэлж байв.