
АНУ-д хамгийн томд тооцогдох даатгалын зах зээл калифорни мужид хамаардаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд шил дараалан “нүүрлэсэн” ой хээрийн түймрийн улмаас даатгалын компаниуд зах зээлээс шахагдах болжээ.
Мужийн албаныхан уг нөхцөл байдлыг зохицуулахаар тусгайлан авсан арга хэмжээний нэг нь иргэдийн даатгалыг цуцлахыг хориглосон журам баталсан явдал байлаа. Даатгалын компаниуд түймрийн улмаас учирч буй хохирлыг даах чадваргүй болж, эрсдэлээ хязгаарлахыг эрмэлзэж байгаа нь тус мужийн оршин суугчдыг даатгалын хамгаалалтгүй байдалд оруулсан юм.
Даатгал гэдэг бодит амьдралд ямар чухал болохыг, иргэдийг төдийгүй улс орны эдийн засгийг ч хамгаалах механизм гэдгийг Калифорнийн түймрийн дээрх жишээ харуулдаг. Харин монголчуудын хувьд даатгал гэдэг бол луйвар, төр нь хувийн хэвшлийнхний лоббигоор “албадсан” залилан болж хувирсан.
Даатгалын компаниудын дэлхийн жишгээр ашиг (profit margin) нь харьцангуй бага, тогтвортой байдаг. Тодруулбал, дэлхий даяарх даатгалын компаниудын цэвэр ашиг жилийн 5-10 хувь, зарим жилдээ салбарын дунджаар 7 орчим хувь байдаг аж. Ашгийн хэмжээ ийм бага байдаг шалтгаан нь уг бизнесийн салбар нь даатгалын хураамж болох орлого зардал буюу нөхөн төлбөр, зардлын хэмжээ 96-100 хувь байдагтай нь холбоотой. Товчхондоо 100 төгрөгийн даатгалын 96 төгрөг нь нөхөн төлбөр хэлбэрээр гардаг онцлогтой. Гол нь энэ төрлийн бизнесийн ашгийн эх үүсвэр нь даатгуулагч бус хөрөнгө оруулалт байдаг. Асар их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа ч бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс нэмэлт ашиг олж чадсан даатгалын компаниуд л ашигтай ажиллаж чаддаг.
Манай улсын хувьд даатгалын салбар гэрээний нөхцөлөөс үүдэлтэйгээр нөхөн төлбөр олгодоггүй, даатгалд заасан хэмжээнээсээ багаар олгодог гэхчлэн асуудал үүсгэж даатгуулагчдынхаа итгэлийг алдсан.

Хуульд заасны дагуу иргэдийн заавал даатгуулбал зохих даатгалын төрлийг “Албан журмын даатгал” гэдэг. Жолоочийн хариуцлагын, эрүүл мэндийн, ажилгүйдлийн гэхчлэн үйлчилгээ авах давтамж хийгээд нөхөн төлбөрийн хувьд хамгийн их асуудал дагуулсан даатгалууд ордог гэдгийг нэрсийг нь уншихад л ойлгомжтой байна. Дээр нь Нийгмийн даатгал бол даатгал гэхээс илүү татвар болчихсон. Гэхдээ энэ удаад зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалыг онцолъё.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, даатгуулагч зам тээврийн осол гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шийдвэр гарсан. Журам шинэчлэх болсон шалтгаанаа даатгалын компаниудын олгосон нөхөн төлбөрийн дүн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээнээс давж, хохирол барагдуулалтын хувь 100 хувьд хүрсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв.
Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталснаас хойш даатгалын тариф өөрчлөгдөлгүй 14 жил болсон, сэлбэг хэрэгсэл засварын үнэ нэмэгдсэн гэж байгаа ч хэдэн хувиар яаж нэмэгдсэн талаарх мэдээлэл байхгүй. Албан журмын даатгалын салбарт компаниудын олгосон нөхөн төлбөрийн дүн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээнээс давсан үндэслэлтэй үзүүлэлтийг даатгалын компаниудаас гаргаж тавиагүй. Харин даатгуулагчдаас гаргасан гомдол санал их.
Сүүлийн үед цахилгаан болон бензин хосолсон (hybrid) машинууд ихэссэн ч үүнтэй холбоотой даатгалын маш том “завсар” байгааг би өөрийн гашуун туршлагаараа мэдлээ. Миний унадаг “Outlander” машин цахилгааны утасны богино холболтоос болж шатлаа. Хэн ч машинаа шатчихна гэж бодож унадаггүй, тийм учраас л даатгал төлдөг биз дээ. Гэтэл “Улаанбаатар даатгал” ХХКийн зүгээс “Гал гарсан нь үнэн ч, шалтгаан нь цахилгаан дамжуулах утас байсан тул нөхөн төлбөр олгохгүй” гээд сууж байна. Энэ бол соёлтой луйвар, залилан юм уу даа. Жолооч нар минь, гал түймэр гэдэг эрсдэлийг даатгуулахдаа шалтгаан нь цахилгаан байвал төлөх эсэхийг нь заавал асууж, баталгаажуулж аваарай. Төлбөр авч байхдаа “бүгдийг төлнө” гэдэг ч, хохирол гарахаар гэрээний жижиг заалтаар ам тагладаг энэ байдлыг Санхүүгийн зохицуулах хороо анхааралдаа авч зохицуулалт хийгээрэй.
Даатгуулагч иргэн
Нэг талаар гэрээтэйгээ бүрэн танилцалгүй гарын үсэг зурж баталгаажуулсан даатгуулагчийн буруу ч нөгөө талд Монгол Улсын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь хосолмол – hybrid хөдөлгүүртэй машин байгааг үл тоомсорлон гэрээ боловсруулсан даатгалын компанийн буруу ч бас бий. Гэрээгээ зөвхөн нэг талыг баримтлан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн боловсруулсан “но” яалт ч үгүй даатгалын компанийнх.
2025 оны жилийн эцсийн тайлант хугацаанд Албан журмын даатгагчдын холбооны гишүүн 17 даатгалын компани нийт 887 мянган гэрээ байгуулж 60 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлснээс 26 мянган тохиолдлын нөхөн төлбөрт 32 тэрбум төгрөг олгожээ. Өнгөрсөн онд харин 55 тэрбум төгрөгийн хураамжийн орлогоос 36 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. 2025 оны хураамжийн орлогынхоо ердөө 53.3 хувийг нөхөн төлбөрт олгосон гэсэн үг.
Дэлхийн дундаж орлоготой харьцуулан харвал даатгалын компаниуд ашиг орлого нь өөр ямар ч салбарын төсөөлшгүй өндөр ашигтайгаар ажиллажээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлж байна. Ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилго нь ашиг олох, харин Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн зорилт нь даатгалд хамруулах, хохирогчийн эрх ашгийг хамгаалах юм. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах буюу хохирлын нөхөн төлбөр олгох ажлыг ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэх нь хохирогчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзах, учирсан хохирлыг 100 хувь олгохгүй байх зэрэг асуудал ихээхэн гардаг.
“Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн 10 жилийн хугацаанд жолооч иргэдээс нийт 230.5 тэрбум төгрөг. даатгалын хураамж төвлөрүүлснээс 121.9 тэрбум төгрөг нөхөн төлбөрт олгож, компаниуд 108.6 тэрбум төгрөгийн ашиг олсон” талаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан мэдэгдэж байсан. Мөн түүний онцлон дурдсан зүйлсийн нэг нь “Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалт буруу байгаагаас даатгалын хураамжийн орлогоос зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил огт хийгдээгүй” гэх мэдээлэл юм.
Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй жолоочийг тээврийн цагдаагаас торгодог атлаа нөхөн төлбөр олгодоггүй, нэг талыг баримталсан гэрээ байгуулж даатгалын салбарыг уландаа гишгэсэн компанид хариуцлага тооцдог тогтолцоо нь яагаад байдаггүй юм бэ?
Зөвхөн тээврийн хэрэгсэл, жолоочтой холбоотой даатгалыг авч үзэхэд иргэдийн санал гомдлын дийлэнх нь гэрээ хэт нэг талыг баримталсантай холбоотой байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, машины иж бүрэн даатгалд хамруулсан иргэний машины цонх хагарсан нөхөн төлбөрөө авахаар хандахад “иж бүрэн даатгал”-д цонх нь ороогүй гэх хариулт өгчээ.
Тэгтэл ердийн суудлын автомашины шилэн хэсэг нийт гадна гадаргуугийн 15-25 орчим хувийг эзэлдэг.
Салхины урд шил: 30-40 хувь (нийт шилэн талбайн)
Хажуугийн шилнүүд: 40-50 хувь
Арын шил: 15-25 хувийг тус тус эзэлдэг гэвэл онцгойлон заагаагүй бол иж бүрэн даатгалд машин бүхэлдээ хамрагдсан учир нөхөн төлбөрөө зохих ёсоор авах нь тодорхой харагдаж байна. Гэсэн ч даатгуулагч “иж бүрэн даатгал” нэрээр луйвардуулсан аж.
Өөр нэг жишээ, машин шүргэсэн жолооч даатгалын ажилтантайгаа холбогдон өгсөн зааврынх нь дагуу ослын газрын зургаа авч машинаа холдуулсан. Маргааш нь нөхөн төлбөрөө тооцуулахаар даатгалын компани дээрээ тохирсон цагтаа очсон ч “цагдаа дуудаагүй” гэх шалтгаанаар нөхөн төлбөр олгоогүй. Ажилтнаас өгсөн зааврыг дагаж мөрдсөн талаараа хэлэхэд буруу дутуу мэдээлэл өгсөн ажилтандаа хариуцлага тооцно, гэхдээ гэрээний нөхцөл зөрчсөн учир нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу авсан. Үүнтэй ижил тохиолдол ганцаар дуусахгүй. Гэтэл жолоочийн даатгалын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орсноор жолоочийн даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, мөн жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн. Ингэснээр дээрх нөхцөлд жолооч нар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдсэн байдаг. Даатгуулагч зөвхөн шүүхээр заргалдаж нөхөн төлбөр авах эсэхээ тогтоолгохоос өөр арга үлдээгүй нь эргээд буух, буцах хаяггүй болгож байгаагаас ялгаагүй.
Иргэдийн албан журам гэх дөнгөнд оруулсан атлаа нэг талыг баримталсан гэрээ хийдэг, нөхөн төлбөрөөс бултах элдэв арга заль хэрэглэдэг нөхцөл рүү түлхсэн төр энэ маргааныг үүсгэснийг орхиж болохгүй. Олон улсын жишигт жолоочийн хариуцлагын даатгал албан журмынх байх нь элбэг ч гэрээний нөхцөл, нөхөн төлбөрийн асуудалд төр хяналт тавьж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүргээ ч хариуцлагатайгаар хүлээдэг.
Тэр, энэ гэж нэр цохон дурдахаас илүүтэй ашиг бодож үндсэн үүргээ умартсан даатгалын салбарыг илүү хариуцлагатай, итгэлцэл бий болгосон, эдийн засаг, санхүүгийн хамгаалалт олгох нөхцөл бүрдүүлсэн “эрүүл” тогтолцоотой болгоход иргэдээс илүү төрийн оролцоо чухал байна.