
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр "Усны өдөр"-өөр үргэлжилж, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, ус ба газрын нөөцийг уялдаатай удирдах, усны аюулгүй байдлыг хангах шийдэл, хөрөнгө оруулалтын асуудал олон улсын хэлэлцүүлгийн төвд байна.
Газрын доройтол, ган, усны хомсдол нь тусдаа асуудал биш. Хөрс, ургамлын бүрхэвч доройтох тусам газрын ус тогтоон барих чадвар буурч, гангийн эрсдэл нэмэгддэг бол усны нөөцийн хомсдол нь эргээд газрын доройтол, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Тиймээс COP17-ын Усны өдөр ус, газар, экосистемийг нэг цогц байдлаар авч үзсэн шийдлийг бодлого, хөрөнгө оруулалттай холбохыг зорьж байна.
Өнөөдрийн COP17-ын албан ёсны хөтөлбөрт гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Drought Resilience Investment Facility (DRIF)-ийг албан ёсоор эхлүүлэх өндөр түвшний арга хэмжээ багтжээ. Тус механизмын хүрээнд гангийн тэсвэржилт, усны дэд бүтэц, газар нөхөн сэргээх чиглэлд шинэлэг санхүүжилт, холимог санхүүжилт, даатгал болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэнэ.
Мөн хөдөө аж ахуйн усны менежментийг сайжруулах замаар гангийн үед хүнсний системийн тогтвортой байдлыг хамгаалах, усны хэмнэлттэй болон ганд тэсвэртэй үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг тусгайлан авч үзэж байна.
Усны өдрийн өөр нэг гол чиглэл нь ус–газар–хүний харилцан хамаарал юм. Усны нөөц, экосистем, газрын менежментийг шинжлэх ухаан, бодлого, практикт уялдуулах, байгальд суурилсан шийдлийг өргөжүүлэх, уснаас шалтгаалах гамшиг, эрсдэлийг урьдчилан тооцож удирдах боломжийг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид хэлэлцэж байна.
COP17-ын Монголын павильонд Усны өдрийн хүрээнд усны тэсвэртэй менежмент, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байгаль орчны асуудал болон хууль тогтоогчдын оролцоонд чиглэсэн цуврал арга хэмжээ зохион байгуулагдана.
10:00–12:00 цагт Стэнфордын их сургуулийн оролцоотой “Усны тэсвэртэй менежментийн тайлагналын нээлтийн арга хэмжээ” болж, усны нөөцийн тогтвортой менежмент, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой аргачлал, туршлагыг хэлэлцэнэ.
12:30–14:00 цагт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалт зохион байгуулагдана. Далайд гарцгүй орнуудын хувьд усны нөөц, ган, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл нь эдийн засаг, хүнсний аюулгүй байдал болон иргэдийн амьжиргаатай шууд холбоотой тул хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх ач холбогдолтой юм.
14:00–17:00 цагт Олон улсын парламентын холбоотой хамтран Парламентчдын форум зохион байгуулж, усны хүртээмж, усны засаглал, санхүүжилт, хууль эрх зүйн орчин, шинэ технологийн асуудлыг парламентын түвшинд авч хэлэлцэнэ.
Форумын үеэр усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ашиглах, усны хэмнэлттэй, эргэлтийн зарчимд суурилсан шийдлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал хөндөгдөнө.
Мөн 17:30–18:30 цагт “Хиймэл оюун ухаанд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төвийн нээлт” болно.
COP17-ын Усны өдрийн хүрээнд элсэн болон шороон шуургыг бууруулахад ус, газрын нэгдсэн менежментийг ашиглах асуудал мөн чухал байр суурь эзэлж байна.
Элсэн, шороон шуурга нь нэг улсын хилээр хязгаарлагддаггүй учраас эх үүсвэр бүхий газар нутгийн доройтлыг бууруулах, хөрс, ургамлын бүрхэвчийг сэргээх, ус тогтоон барих чадавхыг нэмэгдүүлэхээс гадна бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.
COP17-ын хүрээнд өнөөдөр элсэн болон шороон шуурганы асуудлаарх Тусгай өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулагдаж, 2025–2034 оны Элсэн болон шороон шуургатай тэмцэх НҮБ-ын арван жилийн хүрээнд хэрэгжүүлэх олон улсын санаачилгад улс төрийн дэмжлэг, түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Монгол орны хувьд усны асуудал нь зөвхөн усны салбарын асуудал биш. Бэлчээрийн даац, газрын доройтол, цөлжилт, ган, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хот суурин газрын хөгжилтэй шууд холбогдоно.
Иймээс газрын доройтлыг бууруулах бодлогыг усны нөөцийн менежменттэй уялдуулах, хур тунадасны усыг хөрсөнд тогтоон барих чадварыг нэмэгдүүлэх, голын сав газар болон экосистемийг нөхөн сэргээх, ганд бэлэн байдлыг сайжруулах нь Монгол Улсын урт хугацааны тэсвэржилтийн үндсэн асуудлуудын нэг юм.Усны өдрийн төгсгөлд Монгол Улсын Усны газар, UNESCO, UN-Habitat хамтран “Хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутагт усны эргэлтийн менежментэд шилжих нь” сэдэвт арга хэмжээг 18:00–19:30 цагт зохион байгуулна.
COP17-ын Усны өдөр ийнхүү усны хомсдлын үр дагаврыг нөхөхөөс илүүтэй ган, газрын доройтол, усны эрсдэлийг урьдчилан тооцож, ус ба газрын нөөцийг нэг систем болгон удирдах чиглэлд олон улсын хамтын ажиллагаа, бодлого, санхүүжилтийг төвлөрүүлж байна.