
БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотод хиймэл оюун ухааны платформуудыг ажиллуулах зориулалттай томоохон дата төвүүдийг олноор байгуулж байна.
Улаанцав нь тал хээр, галт уулаараа алдартай бөгөөд олон жилийн турш Хятадын албан ёсны “төмсний нийслэл” хэмээн нэрлэгдэж ирсэн. Харин сүүлийн үед тус бүсийн тариалангийн талбайн ойролцоо дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжих болжээ.
Хиймэл оюун ухаан нь Хятад, АНУ-ын технологийн өрсөлдөөний гол чиглэлүүдийн нэг болж, хиймэл оюун ухааны системийг ажиллуулахад шаардлагатай өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжүүдийг байрлуулах дата төвүүдийн хэрэгцээ нэмэгдэж байгаа юм.
Хятадын Коммунист нам эдгээр дата төвийг эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой дэд бүтэц гэж үздэг. Тус улс 2030 он гэхэд хиймэл оюун ухааны технологийг үйлдвэр, үйлдвэрлэл болон нийгмийн салбарын 90 хувьд нэвтрүүлэх зорилт тавьжээ.
Бэлтгэсэн: А.Ариунжин