
Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх “Зүрх судасны үндэсний төв”-ийн шинэ барилгын шав тавих ёслол Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайд боллоо.
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарын 25 жилийн хамтын ажиллагааны үр дүн ийнхүү шинэ бүтээн байгуулалтаар үргэлжилж байна. Энэ хугацаанд зүрх судасны шалтгаант нас баралт 10,000 хүн амд 24.4-өөс 16.7 болж буурч, зүрхний нээлттэй мэс заслын тоо 13 дахин өссөн байна. Өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна.
Төвийн үйл ажиллагаа 21 аймгийн зүрх судасны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэнэ. Ингэснээр орон нутгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг эрт авах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалд цаг алдалгүй хүрэх боломж нэмэгдэнэ.
Зүрх судасны үндэсний төвийн төсөл 53.3 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын зээл болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр санхүүжиж байна.
Ийнхүү эхэлж буй энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн эмнэлгийн дэд бүтцийг өргөжүүлэхээс гадна зүрх судасны өвчний эрт илрүүлэлт, нарийн оношилгоо, өндөр түвшний эмчилгээ, зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн тусламж үйлчилгээний уялдаа, хүний нөөц, эмнэлзүйн сургалт судалгааг бэхжүүлэх цогц хөрөнгө оруулалт болж байна. Цаашлаад энэ нь зүрх судасны өвчний хүндрэл, нас баралтын ачааллыг бууруулахад чиглэсэн тусламж үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд хүргэх суурь болох юм.