
Пап лам нар улс төрийн аль нэг талыг баримталж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийхийн тулд сонгуулийн жилд тухайн улсад айлчлахаас ихэвчлэн татгалздаг.
Анхны америк пап лам болох Лео XIV энэ жил АНУ-д айлчлах төлөвлөгөөгүй байгааг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Лео пап лам эх орондоо буцаж очно гэсэн таамаг сүүлийн хэдэн долоо хоногт эрчимжсэн. Ялангуяа тэрээр Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын бодлогыг буруушаасан мэдэгдлүүдийг хийсээр байгаа нь ийм яриаг өдөөсөн юм.
Ватиканы өндөр албан тушаалтнууд пап ламыг есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр АНУ-д айлчлуулах хувилбарыг ч хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Гэвч эцэст нь ийм шийдвэрээс татгалзжээ. “2026 онд АНУ-д хийх айлчлал Пап ламын төлөвлөгөөнд багтаагүй” гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни Washington Post-д ярьжээ.
Энэ шийдвэрийн шалтгаан тодорхойгүй ч удахгүй болох Конгрессын дунд хугацааны сонгууль үүнд нөлөөлсөн байж болзошгүй. Мөн Лео XIV өөрийгөө анхны америк пап ламын хувьд дэлхий нийтэд хэрхэн харагдах вэ гэдэгт стратегийн байдалдаа ихэд анхаарч, АНУ-д давуу ач холбогдол өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгаа аж.
“Тэр өөрийгөө дэлхийд харьяалагддаг хүн гэж хардаг” гэж Чикагогийн хамба лам, кардинал Блэйз Кьюпич Washington Post-д ярьжээ. “Би түүнийг эхний жилдээ очино гэж бодоогүй. Тэр бүх дэлхийд үйлчилж байгаагаа хүмүүст ойлгуулахыг хүсдэг” гэдгийг онцолсон байна.
Өнгөрсөн жил олон нийтэд зориулсан илтгэлдээ Лео испани, итали хэлээр үг хэлсэн. Ватиканы хот улсаас гаднах түүний анхны айлчлал өнгөрсөн арванхоёрдугаар сард Турк, Ливанд болсон юм.
Цаашид пап лам Африкийн Ангол, Экваторын Гвиней, Испанийн Канарын арлууд, мөн Өмнөд Америкийн Перу улсад айлчлах төлөвтэй байна. Тэрээр Перуд хамба ламын албыг хашиж байсан билээ.
Лео энэ жил АНУ-д айлчлах бодолгүй байгаа ч тус улсад өрнөж буй үйл явдлуудтай, ялангуяа Трампын засаг захиргааны цагаачлалын хяналт, албадан гаргахтай холбоотой асуудлуудад идэвхтэй байр сууриа хадгалсаар байх төлөвтэй байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Лео пап лам засгийн газрын цагаачидтай харьцаж буй байдлыг “туйлын үл хүндэтгэсэн” бөгөөд “хүнлэг бус” хэмээн буруутгасан мэдэгдлүүд хийсэн. Тэрээр эмх замбараагүй, олноор нь албадан гаргах ажиллагаа явуулахын оронд хүмүүсийн нэр төрийг хүндлэн харьцаж, “утга учиртай” цагаачлалын шинэчлэл хийхийг засаг захиргаанд уриалжээ.
Мөн Лео Ерөнхийлөгч Доналд Трампыг Европтой байгуулсан холбоотны харилцаагаа хадгалахыг дэмжиж, Венесуэлд хүч хэрэглэхээс татгалзахыг анхааруулсан.