Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээхээр болжээ.
Тус одонг гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 11.40 цагт болно.
Ийнхүү Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэх 20 дахь шагналтан болж байна.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж уг шагналыг өгч буй юм байна.
“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд, байгууллагууд (2005–2025 он)
2005 он – Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 он – Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 он – Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
2010 он – УИХ-ын дарга асан Р.Гончигдорж
2011 он – Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди
2012 он – УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл
2013 он – Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
2014 он – Академич Х.Намсрай
2015 он – Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
2016 он – Дуурийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
2017 он – Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
2019 он – “The Hu” хамтлаг
2021 он – Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа
2021 он – Монгол Улсын Зэвсэгт хүчин
2022 он – Академич Д.Доржготов
2022 он – Америкийн монголч эрдэмтэн, доктор, профессор Жэк Уэтерфорд
2023 он – Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
2024 он – НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
2025 он – Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл