
Монгол Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх баяр наадам өнөөдөр Хэнтий аймагт болж байна. Хэрлэн сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй цолны мялаалгын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Э.Батмагнай, улсын харцага Н.Золбоо, Г.Бадрах, М.Бэлгүтэй, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Баянсүх тэргүүтэй 64 бөх зодоглож байна.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож улсын заан цол хүртсэн юм. Тэрээр дөрвийн даваанд аймгийн арслан Н.Отгонбаатарыг, тавын даваанд улсын начин Г.Бадрахыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Шаравдоржийг, долоогийн даваанд улсын заан Д.Хүдэрбулгатай тунан давж улсын заан цолыг хүртсэн юм.